Энэ зунаас эхлэн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор олон нийтэд түрээсийн дугуй нэвтрүүлж эхэлсэн билээ. Иргэд өөрт ойр байрлах цэгээс түрээсийн дугуй болон скүүтрийг аппликейшны тусламжтайгаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна.
Иргэдийн хувьд автобусанд суухад мөнгөд хэмнэлттэй хэдий ч түгжрэлийн улмаас ажил хичээлээсээ хоцрох, ажлаа цагт нь амжуулж чадахгүйд хүрдэг. Иймд такси болон түрээсийн дугуй болон скүүтрийн үйлчилгээг сонгох болоод байгаа аж. Тэдний хувьд автобусанд суувал мөнгөө хэдий хэмнэх хэдий ч цаг хугацаа юунаас ч илүү үнэ цэнэтэй учир их мөнгө төлж хичээл сургууль, ажилдаа явж байгаа юм.
Автобусанд 500 төгрөгөөр 50 минут явдаг. Харин скүүтэр эсвэл дугуй унаад 30 минутад 7800 төгрөг төлж байна
Иргэн О.Ихэрцэцэг: Би өглөө оройдоо нийтийн тээврээр сургууль руугаа явдаг. Өглөөний ид ачааллын үед явахад дор хаяж 40-60 минут болдог. Иймд надад нэг бол эрт гарах эсвэл таксинд суух гэсэн л сонголт тулгардаг даа. Мэдээж таксинд суусан ч түгжрэх учраас сүүлийн үед түрээсийн дугуй, скүүтэр унадаг болсон. Миний хувьд багш мэргэжилтэй учир хүүхдүүдээсээ эрт очиж хичээлээ бэлдэх шаардлага маш их тулгардаг. Тиймээс цаг хугацаа л их чухал санагддаг. Би автобусанд 500 төгрөгөөр 50 минут явдаг. Харин скүүтэр эсвэл унадаг дугуйгаар 30 минутад 7800 төгрөг төлж байна.
Скүүтэр унаж явсан иргэн Б.Цэрэнхүү
Манай ажил хотын төвд учраас би өдөр болгон скүүтэр унаад ажилдаа ирж байгаа. Даанч хотын нөхцөлд зориулалтын зам байхгүй учраас анхандаа их төвөгтэй санагдаж байсан. Ямар ч байсан богино хугацаанд ажлаа амжуулсан. Өнөөдөр такси бариад хоёр км явахад 3000 төгрөг төлдөг. Гэтэл би 3900 төгрөгөөр хоёр км-ээс хол зам туулж, зорьсон ажлаа бүтээж чадаж байгаа юм. Хамгийн сайхан нь түгжрэхгүй. Одоо скүүтэр, дугуйн замаа сайжруулж, дэд бүтцийг нь шийдээд өгвөл хүн болгон дуртай хэрэглэх болно. Энэ чинь түгжрэлийг бууруулах нэг хэлбэр шүү дээ. Хичээл сургууль эхэлсэн учраас хөл хөдөлгөөн их байгаа. Зориулалтын зам байхгүй учраас бага зэргийн осол гэмтэл гарах гээд байдаг. Бусдаараа асуудалгүй ээ.
Иргэн Э.Эрхэм:
Би түрээсийн унадаг дугуйг дөрвөн өдөр хэрэглэж үзэж байна. Хэр хол гэдгээсээ хамаараад 3000-9000 хооронд л төлдөг. Хэрвээ хотын зам сайхан байдаг бол үнэхээр л хэрэгтэй үйлчилгээ санагдаж байна. Зарим иргэд машинтай стресстэж, бухимдаж байхаар салхи татуулаад скүүтэр эсвэл дугуй унаад явах чинь сайхан шүү дээ. Үнийн хувьд мэдээж зарим тохиолдолд таксинаас ч их мөнгө гардаг. Гэхдээ ажлаа хурдан хугацаанд амжуулаад байгаа учраас яалтачгүй энэ үйлчилгээг л сонгож байгаа. Дараа жилээс илүү их үйлчилгээ гарч, зам талбайгаа ч аятайхан засаж өгөхийг л хүсэж байна даа.
Скүүтэр болон унадаг дугуй хотын соёлын нэгээхэн хэсэг болж нэвтэрсэн ч иргэд таксинд суусантай дүйцэхүйц мөнгө төлж явж байна. Үүнээс гадна хамгийн чухал нэг зүйл нь зориулалтын зам байхгүй гэх асуудал. Иргэдийн хувьд "Хүн болгон дугуй, скүүтэр авч чадахгүйгээс хойш түрээсийн үйлчилгээ хамгийн зөв шийдэл болсон. Харин хотынхоо зам талбайг цэгцэлж иргэддээ ээлтэй нийгмийг бий болгохыг хүсэж байна" гэсэн байр суурьтай байсан юм.
Ц.Наранцацрал
Уншиж байна |