Их, дээд сургуулийн хичээл эхлэхтэй зэрэгцэн эрэлттэй болдог зүйлсийн нэг нь яах аргагүй оюутнуудын амьдрах байр. Сургуулиудын дотуур байрны хүрэлцээ муу байдгаас хөдөө орон нутгийн оюутнууд ихэвчлэн гадуур байр түрээсэлдэг. Юу юугүй хичээл нь орох гэж байхад байр олдохгүй, олдсон ч маш үнэтэй байгаа тул хамаатан эсвэл танидаг айлындаа түр хугацаанд амьдарч буй оюутан залуус их байгаа юм. Тиймээс бид энэ удаа түрээсийн байрны үнэ ханшийг сурвалжиллаа.
ТҮРЭЭСИЙН БАЙРНЫ ҮНЭ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХАМГИЙН ӨНДӨР БАЙНА
Байршлаасаа хамаараад тавилгатай, тавилгагүй нэг өрөө байрны сарын түрээс 750 000- 1 000 000 сая төгрөгийн төлбөртэй байна. Хан-Уул дүүрэгт байрлах Рапид хороололд нэг өрөө байрны түрээс 1 200 000-1 500 000 төгрөгийн үнэтэй бол Вива Сити хороололд 850 000 төгрөгийн ханштай байна.
Харин 40 50 мянгат, УИД зэрэг хотын төвийн байршлуудад хагас болон бүрэн тавилгатай нэг байрнууд сарын 550 000-1 сая төгрөгийн түрээстэй байна.
Тэгвэл Баянзүрх дүүргийн байрууд 750 000-1 200 000 төгрөгийн ханштай. Тухайлбал, Сансар, Жуков, 13-р хороолол орчмын байрнууд ийм түрээстэй буй юм.
Харин таван шар, 21-р хороолол, 1-р хороолол, Драгон орчмын нэг өрөө байрууд 600 000-750 000 төгрөгийн түрээстэй байна. Тэгвэл Баянгол дүүрэг, 3, 4-р хороолол, Модны 2, ТБД андууд орчмоор 750 000-1 200 000 төгрөгийн хооронд түрээсийн үнэ хэлбэлзэж байна.
Сүхбаатар дүүрэг, Бага тойрог, 100 айл, 11-р хороолол орчмоор нэг өрөө байр 800 000-1 000 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байна.
МУИС-ын гуравдугаар курсын оюутан Х.Оргил: Миний хувьд одоо гуравдугаар курст орно. Эхний хоёр жил сургуулийнхаа дотуур байранд байсан. Харин энэ жил найзтайгаа нийлээд байр түрээслэх гэж байна. Найз бид хоёр 15 хоног зар харж, очиж үзсэн. Оюутан бидний хувьд үнийн хувьд хямдхан байр тун ховор болсон байна. Хамгийн багадаа 6 сараар түрээсээ авна гэж байх юм. Мөн дээрээс нь тог цахилгаан, бусад төлбөрөө төлөөд явна гэсэн. Тийм болохоор хэтэрхий зардал ихтэй санагдаад хамаатныдаа амьдрахаар болсон.
МУБИС-ын дөрөвдүгээр курсын оюутан Б.Ану-дарь: Би хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. Хамаг цалин байрны түрээсэнд л явчихдаг даа. Нэг өрөө байр түрээслэхэд цалин маань хангалттай хүрдэггүй болохоор 3 найзтайгаа хамт амьдарч байна. Түрээсийн үнэ өмнөх жилийнхээс нээх их нэмэгдээгүй. Гэхдээ түрээслэгч нар үнэдээ баймайргүй их шаардлага тавьж юм л бол өрөнд оруулчих гээд байдаг. Бусдаараа бол гайгүй ээ. Оюутан залуусдаа ядаж багахан хөнгөлөлт үзүүлдэг байсан бол гэж хааяа боддог доо.
Нийтийн байр 450-600 мянган төгрөгийн түрээстэй байна
Иймд бид оюутнуудад илүү тохиромжтой нийтийн байрны түрээсийн үнэ ханшийг мөн судаллаа. Хамгийн тохилог нийтийн байр сарын 400 000- 600 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байна. Байршлаасаа хамаараад сарын түрээс харилцан адилгүй. Хотын төвөөс зайдуу, автобусны буудлаас хол, гаднаа нүхэн жорлонтой нийтийн байрны сарын төлбөр 120 000-200 000 төгрөг байна. Харин хотын төвд байрлалтай, дотроо ариун цэврийн өрөөтэй тохилог нийтийн байрны сарын төлбөр 200 000-аас дээш өртөгтэй байна.
Эх нялхасын зүүн талд 14 м.кв, дотроо 00-той, хэрэглээний хүйтэн устай, камержсан, вакум цонхтой хотын төвийн бүх юмандаа ойр тохилог гэх тодотголтой нийтийн байрны сарын түрээс 400 000 төгрөг гэнэ. Гэхдээ барьцаа нь 200 000 төгрөг. Дээр нь машины зогсоолгүй учраас машинтай хүмүүсийг байрандаа оруулахгүй гэсэн хатуу шаардлагатай.
Мөн Сүхбаатар дүүргийн 4-р сургуулийн баруун талд байрлах нийтийн байранд архи тамхи хэрэглэдэггүй хоёр ам бүлтэй айлыг оруулах гэнэ. Сарын түрээс 385 000, барьцаа 150 000 төгрөг. Хамгийн гол нь түрээсийн мөнгөө 8 сараар авах тулгалттай.
Гандан, Бөмбөгөр хавийн нийтийн байрнуудын төлбөр 160 000- 300 000 төгрөгийн үнэтэй байна. Хаяг байршил, дотоод тохижолтоосоо хамаараад өөр өөр үнэтэй байх ч ихэнхи байрнууд сарын түрээсийг олон сараар нь авах, үүн дээр нэмж барьцаа мөнгө авахыг шаарддаг байна. Гол нь ихэнхи байрнууд зөвхөн түрээсийн төлбөр л авдаг. Бусад хэрэглээний тог, ус, дулааны төлбөрөө өөрсдөө төлөх ёстой гэв.
Нийтийн байрны эзэд ч ялгаагүй архи тамхи хэрэглэдэггүй, цөөн ам бүлтэй, томоотой хүмүүсийг байрлуулах сонирхолтой. Дээр нь барьцаа авдаг шинэ шаардлагатай болжээ.
Ц.Наранцацрал
Уншиж байна |