Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр /2023.08.18/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр Улаанбаатар хотын барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, үерийн хамгаалалтын бүсийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулахдаа "Aqua Garden" төсөл, "S Outlet" дэлгүүрийн барилгыг нураах захирамж гаргаснаа мэдэгдлээ.
Хотын дарга Д.Сумъяабазар “Сэлбэ гол дагуух онцгой хамгаалалтын бүсийн 1887 нэгж талбар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Нийслэлийн Засаг дарга хууль эрхзүйн чадамжийн хүрээнд “Авлига хороолол” гэж яригдаад байгаа Aqua Garden төслийн хоёр блокыг буулгаж, Сэлбэ голын үерийн хамгаалалтын бүсийн газрыг чөлөөлнө.
Мөн S Outlet-ийн барилга, Шунхлайн ШТС-ыг ч буулгана. Манай мэргэжлийн баг хуулийн чиглэлээр сайн ажилласан. Хууль зөрчсөн, хүний өмчид халдсан асуудал байхгүй” гэж мэдэгдэв.
Буулгах зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, төсөл хэрэгжүүлэгч компаниас нөхөн гаргуулах аж.
Б.Хэрлэн