Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Зайсанд байгаа газрууд бүгдээрээ отог шүү дээ. Анхны захирамж нь жуулчдад зориулсан отоглох цэг байгуулахаар гарсан байдаг. Гэтэл байшин хороолол барьчихсан. Одоо энэ асуудлыг шийдэх цаг болсон" хэмээн өчигдөр мэдэгдлээ.
Дархан цаазтай хэмээгддэг уг байршил бол өнөөдөр аль хэдийн цементэн ширэнгэн ой болсон. Өнөөдөр Зайсан орчимд тансаг зэрэглэлийн хаус, хотхонууд зай завсаргүй баригдсан. Гэвч Засгийн газрын тэргүүн эдгээр газрууд нь бүгд отгийн зориулалттай хэмээн тодотгов. Тэгвэл иргэд ААН-үүд отгийн зориулалтаар газар авчихаад хуулийн хориглох заалтыг зөрчин, орон сууцны барилга барих, улмаар иргэдэд үл хөдлөх хөрөнгө болгон худалдсан болж таарч байна.
Ер нь бол Дархан цаазтай газар ямар барилга барих вэ, газрын захирамжийг хэн олгосон бэ гэх асуудал үеийн үед хөндөгдсөөр ирсэн л асуудал. Энэхүү байршилд үе үеийн БОАЖ-ийн сайд, нийслэлийн Засаг дарга нар газар эзэмших захирамжаар газар олгогдож тансаг зэрэглэлийн хотхон хорооллын бөөгнөрөл болчихоод байгаа нь нууц биш.
Өнөөдөр Зайсангийн аманд 1077 иргэн хуулийн этгээд газар эзэмшиж байна. Тэдний тэргүүнд Монголын Алтан Аялал, Монголын Үндэсний их сургууль, Улаанбаатар /капитал/ ББСБ, Лувсан-Данзан-Равжаа-Акаде, Өлзий голын ус, Баясах трейд, Соргог трейд ХХК, Уран консалтинг, Агро ферм холдинг, Би И ЖИ Зэт Эл, Хөх гал трейд, Мон Пластик, Эрин говь, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин бурхан шашны байгууллага, И Эстэйт гэх байгууллагууд бичигджээ.
1000 гаруй хувь хүн, аж ахуйн нэгжийн асуудал яригдах уг газарт газар эзэмших үйл ажиллагаа өнөөдөр бол Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдахаар хуульчлагдсан байна. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар 1.18 дүгээр зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахад Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авна гэж заажээ.
Тэгэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран Ерөнхий сайд Зайсанд газар эзэмшиж байгаа 1077 иргэн, ААН-ын асуудлыг хэрхэн шийдэхийг харах л үлдэж байна.
Уншиж байна |