Ардчилсан намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах албан шаардлагыг хүргүүллээ.
Энэ талаар Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "2023 он гарснаас 100 гаруй автомашин, 350 гаруй айл өрх үерт орон гэрээ алдсан, дөрвөн хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан АН-аас эмгэнэл илэрхийлж мэдээлэл хийсэн. Энэ үеэр иргэдийнхээ дуу хоолойг сонсох үүднээс тусгай дугаарын утас ажиллуулж, мэдээлэл авсан. Мөн Ардчилсан намын 400 гаруй залуучууд иргэдтэйгээ хамт үерийн голомтод ажилласан. Ард иргэд үнэхээр хүнд нөхцөл амьдарч байна. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын гишүүд дэмжигчид Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага хүргүүлэхээр НЗДТГ-ын үүдэнд ирээд байна.
Өнгөрсөн долдугаар сараас эхлэн орсон аадар бороо нийслэлийн 140 гаруй барилга байгууламжийг үерт автуулан оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан. Гэвч холбогдох албан тушаалтнууд өндөржүүлсэн бэлэн байдал гэж аргацааж, доривтой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрэв.
Төлөвлөлтгүй зохион байгуулалтгүй суурьшлын бүсэд болсон үер усны гамшиг энэ сарын 5-нд дахин давтагдаж, олон ААН, айл өрх эд хөрөнгөөрөө хохирч, эцэст нь 4 хүний амь нас эрсдлээ. Нийслэлийн Засаг дарга нь эрсдлийн үнэлгээ хийлгэн, шаардлагатай арга хэмжээг авч гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар шуурхай хангаж, гамшгийн нөхцөл байдалд хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагад мэдээллэх, эдгээр байгууллагуудаас дэмжлэг авах зэрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн бол 4 хүний амь эрсдэхгүй байлаа.
Иймээс Д.Сумъяабазар танд дараах хоёр шаардлагыг хүргүүлж байна.
Нутаг дэвсгэрийнхээ нийгэм эдийн засаг хүн ам, хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар таныг улстөрийн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна. Ажлын гурав хоног дотор огцрохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдье.
Үер усны гамшигт нэрвэгдсэн иргэдийн хохирлын тооцооллыг гаргаж, хохирлыг нь барагдуулахыг шаардаж байна" гэлээ.