НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар нийслэлийн бондын 177 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас сайжруулсан шахмал түлшний асаагч авах асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулга хийлээ. Тэрбээр "Сайжруулсан шахмал түлшний мидлингийг сольж үзье. Нийслэлийн бондоос 177 тэрбум төгрөг шийдэж өгвөл БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүн худалдан авч, шахмал түлш хийж энэ өвөл туршилтаар түлж үзье.
Туршилтаас айхгүй, өөр арга байхгүй. Туршилтыг лабораторид хийж, айлуудад түлш байгаа" гэсэн тайлбарыг өглөө. Харин НИТХ-ын төлөөлөгчид энэ асуудалд татгалзсан байр суурьтай байна.
Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатарт түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Үүнээс хойш олон жил өнгөрч, асуудал гэнэт энэ жил гарч ирээгүй. Гэтэл яаруу сандруу байдлаар хэдийнэ 08 дугаар сар гарчихсан байхад БНХАУ-аас хагас коксжсон асаагч авна гэж байна. Манай улс нүүрсээр арвин баялаг орон. Нүүрсэн дээр амьдарч байгаа монголчууд бид яагаад 177 тэрбум төгрөгөөр Хятадаас нүүрс авах гээд байгаа юм бэ. Хятад руу нүүрс экспортолдог атлаа буцааж авч байгаа нь дэндүү харамсалтай.
Өнгөрсөн жил улсын төсвийг хэлэлцэж байх үед 2023-2024 оны өвлийг хэрхэн давахыг хэлэлцэж, төсөвтөө суулгасан байгаа. 177 тэрбум төгрөгийн төсөв хаа нэгтээ суучихсан байснаа яагаад нийслэлд өр тавин тавин авахуулах болов? Энэ маш хачирхалтай байна" гэсэн байр суурийг илэрхийлэв.