Өнгөрсөн шөнө 11:50 минутын үед Натурын зам дагуух нэгэн байранд дөрвөн удаа буун дуу гарсан талаар мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ талаар "Цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд энэ сарын 7-ны буюу өчигдөр 21 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цахим тоглоомын газарт "хүн бусдад хутгуулчихлаа" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхайн зохион байгуулж ажилласан. Шалгалтын явцад 33 настай иргэн У-ын биед 39 настай иргэн Б нэг удаа хутгалж хэргийн газраас зугтсан нөхцөл байдал тогтоогдсон. Шуурхай эрэн сурвалжлах явцад 39 настай Б-г саатуулан шалгасан. Саатуулах явцад биедээ хутга авч явсан, өөрийн болон бусдын амь насанд аюул учруулах үйлдэл хийсэн учир цагдаагийн байгууллагаас албаны тусгай хэрэгсэл хэрэглэсэн" гэлээ.
Мөн энэ талаар Цагдаагийн албаны хуулийн дагуу тусгай хэрэгсэл хэрэглэсэн талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журмын хамгаалах газрын дарга Цагдаагийн хурандаа Т.Оюутболд "Цагдаагийн байгууллагад ирсэн бусдын эрх чөлөөнд зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж халдсан гэх дуудлага мэдээллийн дагуу БЗД-ын цагдаагийн 2дугаар хэлтсийн эргүүлийн чиглэл тухайн хэргийн газар дээр шуурхай очсон. Хэргийн газарт очиход хэргийг үйлдсэн этгээд М хэргийг газраас зугтсан байсан. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж БЗД-ын нутаг дэвсгэр Бөхийн өргөөний урд хэсэгт байх 22 дугаар байрны гаднаас хэргийг үйлдээд зугтсан иргэн Б-г олж тогтоосон. Энэ үед тухайн иргэн хоёр гартаа хутга барьсан, хутгаа гартаа скочдсон байдалтай байсан. Цагдаагийн албан хаагч хуулийн дагуу "Та хутга мэсээ тавьчих" гэх шаардлага тавьсан ч шаардлагыг үл биелүүлээд "Би шийдсэн" гэх үг яриаг гаргасан. Ийм учраас тухайн иргэний байгаа газар дээр цагдаагийн байгууллагын шуурхай бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн очиж, хэлэлцээр хийсэн. Ямар зорилгоор, ямар шаардлага тавиад цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа талаар тодруулсан. Бид 22.10 цагаас 24.10 цаг хүртэл хоёр цагийн хугацаанд хэлэлцээр хийсэн. Тухайн этгээд тавьсан шаардлага бол цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх боломжгүй шаардлага учраас цагдаагийн байгууллагаас тухайн хүнд албадлага хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан. Цагдаагийн албан тухай хуулийн 47 дугаар зүйлд цагдаагийн алба хаагч албадлага хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Энэ эрх хэмжээний хүрээнд цагдаагийн албан хаагч албадлага хэрэглэсэн.
Цагдаагийн албан хаагч биеийн хүч нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэж болно гэж үзсэн. Бид нэг хүнд нөлөөлөх буюу нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн сумтай бууг хэрэглэсэн. Цагдаагийн албан хаагч хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд албадлага хэрэглэх явцад буудсан. Тухайн иргэнтэй уулзалт ярилцлага хийж 2 цаг орчмын хугацааг өнгөрүүлсэн. Энэ иргэнд резинэн сумтай бууг хэрэглэсний дараа Эрүүл мэндийн байгууллагад урьдчилсан үзлэг хийлгэсэн. Үүний дараа тухайн үйл явдлын дараа шууд удирдах удирдлагадаа тухайн алба хаагч, прокурорын байгууллагад мэдэгдсэн. Эрүүл мэндийн байгууллагын үзлэгээр амь насанд аюултай нөхцөл байдал үүсээгүй. Биеийн байдал хэвийн байсан учир мөрдөн шалгах эрх бүхий цагдаагийн албан хаагчид хүлээлгэн өгсөн.
Тухайн этгээдийн зүгээс цагдаагийн албан хаагчидтай уулзалт хийх явцад "Би өөрийн бага насны хүүхэдтэй уулзана. Хүүхэдтэйгээ уулзчихвал бүрмөсөн явна" гэсэн. Цагдаагийн албан хаагчид харин "Бага насны хүүхэдтэй уулзуулж болно. Харин хоёр гарт байгаа хутга, халаасан дахь хутга гээд 3 төрлийн хутгаа гараасаа салгачих" гэх шаардлага тавьсан. Бидний шаардлагыг огт хүлээж аваагүй. Иймээс хуулийн дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглах зааврын дагуу цагдаагийн албан хаагч ажилласан. Цагдаагийн албан хаагч хэн нэгнээс зөвшөөрөл авахгүй, хэн нэгэнд мэдэгдэхгүй нөхцөл байдлаа мэдрээд шууд өөрөө бие дааж тусгай хэрэгслийг хэрэглэх эрхтэй.
Тухайн нөхцөл байдалд тухайн этгээд нэгдүгээрт, ноцтой гэмт хэрэг үйлдэж хэргийн газраа оргон зайлсан. Хоёрдугаарт, 13 дугаар хорооллын ойр орчимд маш олон иргэд байгаа учраас тэр хүмүүсийн бие эрх чөлөөнд халдаж болзошгүй байсан. Гуравдугаарт, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн. Цагдаагийн албан хаагчийг өөртөө ойртуулахгүй байсан гэх мэт үйлдлүүд нь албадлага хэрэглэх хангалттай үндэслэлтэй.
Хэргийн газарт очиход тухайн иргэний хувийн байдлыг уулзалт ярилцлага хийх явцдаа тогтоосон. Тухайн хүн өмнө нь ял шийтгэгдэж байсан, сэтгэл зүйн байдал маш их тогтворгүй өөртөө болон бусдад аюултай нөхцөл байдал үүсгэх хангалттай үндэслэл байсан учир нэгдүгээрт, тухайн ойр орчимд байгаа иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, хоёрдугаарт цагдаагийн албан хаагчийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, гуравдугаарт тухайн иргэний өөртөө үзүүлэх аюул эрсдлээс хамгаалж ажилласан. Эхний удаад анхааруулж, дараагийн удаад тухайн этгээдийн биеийн зөөлөн хэсэгт резинэн сумаар буудах үйлдлийг хийсэн" гэлээ.
Мөн хэргийн талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатар "Сэжигтэн Б БЗД-ийн нутаг дэвсгэрт иргэн У-ийн биед гэмтэл учруулсан үйлдэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүнийг алах буюу бусдыг алахыг завдах гэсэн зүйл ангид холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байна. Хэрэгт холбогдогчийн хувьд өмнө таван удаагийн ял шийтгэлтэй. 2002-2021 хооронд таван удаа ял шийтгүүлж байсан. Өмнө нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэст Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт шалгагдаж байсан. Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа" гэлээ
Нэмэлт: Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийг зүс таних Б нь цахим тоглоомын газрын үүдэнд таарахдаа хувийн таарамжгүй шалтгаанаар хутгалж гэмтээжээ.