НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ наадам өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадам юугаараа онцлог вэ?
-“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” бол монголчуудын өв соёлын наадам юм. Монгол Улсыг дэлхийд сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор энэ наадмыг 2015 оноос Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд наадмыг “City of nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг урин оролцуулж буйгаараа онцлог. Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна.
-Хөтөлбөрийн талаар онцлохгүй юу?
-Урлаг, соёл, спорт, шашны томоохон арга хэмжээнүүд хөтөлбөрт багтсан. Тухайлбал, цам, ном хаялцах, балин урлалын тэмцээн, унзад, голч нарын тэмцээн болох бөгөөд Очирваанийн тахилга, цам харайх, сор залах, соёмбот туг залах арга хэмжээ болно.
Мэдээж, манай үндэсний спортын тэмцээн, уламжлалт наадгай болно. “Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран гурван төрлөөр зохион байгуулах юм. Энэ удаад үндэсний бөхийн 256 хүчит бөх, Өвөрмонгол, Буриадын 64 бөх зодоглоно. Хязаалан, их насны, мөн жороо морьдын уралдаан болно. Морьт харваа, шагайн харваа, сээр цохих тэмцээнийг зохион байгуулна.
-Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид ирнэ гэсэн та дурдлаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ удаагийн наадамд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочдыг урин оролцуулж байна. Тухайлбал, бөхчүүд, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид ирж наадамд оролцоно. Жишээлбэл, бидний сайн мэдэх Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, мөн Буриадын реппер Сарюна, Alihan DZE, Өвөрмонголын дуучин Танан, Ойрадын Ансамбль Калмыкияу зэрэг 17 уран бүтээлч ирнэ. Түүнээс гадна нүүдэлчдийн нийслэл хэзээ үүссэн, цаашид хэрхэн хөгжих вэ гэсэн сэдвээр “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Тус хуралд есөн орны 50 орчим эрдэмтэн, монгол судлаач хүрэлцэн ирж оролцох юм.
Урлагийн хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 7-8 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Жишээлбэл, наймдугаар сарын 5-ны орой залууст зориулсан шоу тоглолт болно. Эдгээр бүр арга хэмжээ үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй гэдгийг онцлох байна.
-Даншиг наадмын үйл ажиллагааны нээлт, арга хэмжээнүүд хэдэн цагаас эхлэх вэ?
-Наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 5-ны 9:00 цагаас цамын ёслол эхлэхээр байгаа. Үүний дараа 11:00 цагаас нээлт болно. Ингээд бүтэн хоёр өдрийн турш спорт, урлаг, соёлын арга хэмжээнүүд болох юм.
-Наадмын үеэр Хүй долоо худаг руу нэгдсэн унаа явах уу?
-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зохицуулалт хийж байна. Тодруулбал, наадмын өдрүүдэд МУБИС-аас тогтмол цагуудад 10 автобусаар иргэдийг тээвэрлэнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Уншиж байна |