Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн:
Бүртгэлийн камерт өнгөрсөн долоо хоногт хамгийн багадаа 336 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон гэж бүртгэгдсэн бол ихдээ 478 мянга бүртгэгдсэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж эхэлж байна. Ачаалал ихтэй гудамж, замуудын байршлыг гаргаж, түгжрэлийн уртыг тооцсон. Түгжрэлд нөлөөлдөг 8-9 цэг байгаа бөгөөд үүнийг үе шаттай шийдвэрлэвэл үр дүнд хүрнэ. Мөн зарим замд нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалт хийснээр хөдөлгөөний эрчим сайжирсан гэлээ.
Олон улсад ашигладаг уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтын ангиллыг тооцоолох диаграммын аргачлалаар Улаанбаатар хотын төвлөрлийн бүсийн 54 уулзварын нөхцөл шаардлагыг тодорхойлжээ. Энэ хүрээнд давхар түвшнээр зохицуулах шаардлагатай 26, тойрог замаар зохицуулах 23, гэрлэн дохиогоор зохицуулах гурав, зохицуулга шаардлагагүй хоёр уулзварын судалгаа гарчээ. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх гарц нь их багтаамжийн нийтийн тээвэр гэдгийг тодотгож байв. Түүнчлэн он гарснаас хойш буюу эхний хагас жилийн байдлаар 61 мянган автомашин Монголд орж ирснээс 59 мянга нь Улаанбаатар хотод явж байгаа юм.
Уншиж байна |