Өчигдөр орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар
Нийслэд өчигдөр орсон усархаг борооны улмаас гэр, байшин, орон сууцны хорооллын байрны B1 давхар усанд автсан 254 дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Одоогоор нийслэл хотын Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн үерийн усанд автсан нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулж байна.
Мөн Үерийн ус орсон 25 байршилд ус соруулж байгаа. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлэн 27 мянган хэрэглэгчийн цахилгааныг түр хязгаарласан. Ус соруулах ажил дуусвал эдгээр хэрэглэгчийг цахилгаанд холбоно. Дүүрэг бүр ижил зохион байгуулалттай ажиллаж байгаа бөгөөд хохирлын үнэлгээ тогтоох, яаралтай хариу арга хэмжээ авч, эрсдэлийг арилгах үүрэг чиглэл өгсөн. Эвдэрсэн авто замуудыг яаралтай цэвэрлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, бороо татарсны дараа нөхөн сэргээх, хучих ажлыг хийнэ.
Анхнаасаа төлөвлөлт хийгдээгүйн улмаас хот даяараа үерийн гамшигт нэрвэгдэж, олон түмэн хохирч байна. Өнөөдөр нийслэлд үүсээд буй нөхцөл байдал хотын төлөвлөлтийн алдаанаас үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ялангуяа Зайсан, Яармаг орчимд Байгаль орчны үе үеийн сайд нарын олгосон газар олголтын алдаа байгаа юм. Замбараагүй газар олголт болон тухайн олгосон газарт орон сууц болон оффисын барилга барьснаас үүссэн. Тиймээс хуулийн хүрээнд асуудлыг шийдэх хэрэгтэй. Тиймд одоо энэ бүх зүйлсийг засаж янзлахыг хичээнэ гэв.
Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн:
Баянгол дүүргийн хувьд бэлэн байдалд байсан бөгөөд дүүргийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Авто замын эвдэрсэн хэсгүүдэд яаралтай арга хэмжээ аван, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. “Барс” худалдааны төвийн хажууд, “Вояж” зочид буудлын ойролцоох авто зам цөмөрснийг шороогоор дүүргэж, яаралтай арга хэмжээ авсан.
Харин Чингүнжавын гудамж дахь авто замын эвдрэлээс үүссэн хог хаягдлыг шөнөдөө цэвэрлээд, бороо зогсож, ус татарвал яаралтай нөхөн сэргээх үүргийг Хотын дарга өгсөн. Мөн өмнөх удаагийн үерийн үеэр Дунд гол орчмын даланг хүчитгэсэн тул энэ удаад нөхцөл байдал хэвийн байгаа. Түүнчлэн дүүргийн хэмжээнд эрсдэлтэй барилга байгууламжуудыг тогтоон, эрсдэлийн үнэлгээг гаргахаар ажиллаж байна хэмээв.
Уншиж байна |