Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллалаа.
Ажлын хэсгийн хүрээнд 07 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс 2 нийт 41 сорьц авч усны физик, химиийн шинжилгээг 8, бичил амь судлалын шинжилгээг 6 үзүүлэлтээр хийжээ.
Шинжилгээний дүнгээр эдгээр уст цэгүүдийн ус сул хүчиллэгээс сул шүлтлэг орчинтой, эрдэсжилтийг тусгайлан тодорхойлоогүй тул цахилгаан дамжуулах чанар (EC)-ыг хэмжсэн үзүүлэлтээс тоймлон харахад ялимгүй эрдэсжилттэйгээс их эрдэсжилттэй, бохирдолтыг тодорхойлогч үзүүлэлтүүдийн нэг болох хялбар исэлдэгч органик бодисуудын агууламж, шим бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд ихтэй ус байна. Голуудын усны чанарыг тухайн сорьц авсан цэгүүд дээрх химийн шинжилгээний дүнг үндэслэн бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна.
Усны сорьцонд хийсэн химийн шинжилгээний дүнг “MNS 4586:1998 Усан орчны чанар. Ерөнхий шаардлага” стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд сорьц авсан бүх цэгүүдэд бохирдолтыг тодорхойлогч үзүүлэлтүүдийн нэг болох хялбар исэлдэгч органик бодисуудын агууламж (ПИЧ=11.47 - 35.7 мг-О/л) стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.14 – 3.57 дахин хэтэрсэн байгаа бол сорьц авсан БЗД, 35-р хорооны нутаг Баатар хайрхан, нурсан хашаа, Их наяд граш, БЗД-ын нутаг Баатархайрхан суваг, Сэлбэ - Шаргаморьтын гүүрний орчмоос авсан тогтоол усны сорьцонд шим бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдэл болох аммонийн азотын агууламж хамгийн бага (NH4 -N=0.35 – 0.40 мг-N/л) буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас хэтрээгүй байна. Бусад голын болон халиа, тогтоол усны бүх цэгүүдэд (NH4 -N=0.54 – 10.70 мг-N/л) буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.1 – 21.4 дахин хэтэрсэн агууламжтай байна.
Мөн бохирдолтыг тодорхойлогч нитритийн азотын агууламж Сэлбэ гол -100 айл, Дунд гол үерийн далан орчимд (NО2 -N=0.03 – 0.04 мг-N/л) буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.5 – 2.0 дахин хэтэрсэн агууламжтай бусад цэгүүдэд стандартын шаардлагыг хангаж байсан бол халиа, тогтоол усны хувьд Их наяд граш, Таван богд, Энхсаран №1, Үерт орсон айл - Энхсаран зүүн тал, Натур 94-р байр, Замын цагдаа зүүн тал, Сэлбэ-Дамбадаржаа, Хүүхдийн парк, БЗД 35-р хороо Баатархайрхан нурсан хашаа, БЗД, Баатар хайрхан 1629 тоот айлын орчимд (NО2 -N=0.03 – 0.58 мг-N/л) буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.5 – 29 дахин хэтэрсэн агууламжтай бусад цэгүүдэд стандартын шаардлагыг хангаж байна.
Харин нитратын азотын агууламж бусад бохирдолтыг тодорхойлогч азотот нэгдлүүдтэй харьцуулахад харьцангуй бага буюу Сэлбэ-Дамбадаржаа, Их наяд граш орчимд авсан тогтоол уснаас (NО3 -N=10.5 – 32.88 мг-N/л) буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.2 – 3.6 дахин хэтэрсэн агууламжтай бусад цэгүүдэд стандартын шаардлагыг хангаж байна.
Эрдэс фосфорын агууламжаар стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас БЗД 35-р хороо Баатархайрхан нурсан хашаа, Дунд гол - Үерийн далан, БЗД Баатар хайрхан 1629 тоот айлын орчимд (PO4=0.12 – 0.88 мг-Р/л) буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.2 – 8.8 дахин хэтэрсэн агууламжтай бусад бүх цэгүүдэд физик-химийн үзүүлэлтээр тус стандартын шаардлагыг хангаж байна.
Бичил амь судлалын үзүүлэлтээр шинжилгээнд хамрагдсан голуудын 22.2%-д Гэдэсний бүлгийн савханцар/Coliforms organism/, 16.6%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 38.8%-д E coli, 16.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 6.25%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) тус тус илэрсэн бол тогтоол усны тухайд шинжилгээнд хамрагдсан бараг бүхий л цэгүүдэд нянгийн бохирдол илэрсэн бөгөөд хувиар илэрхийлбэл 66.6%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6%-д E coli, 47.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрсэн байна.
Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-аас цэвэрлэгдсэн бохир ус Туул голд нийлж байгаа хэсгээс буюу ТЦБ-ын гаралтын усны сорьцонд хийсэн химийн шинжилгээний дүнг Хүрээлэн буй орчин. Хаягдал ус MNS 4943:2015 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд жинлэгдэх бодисын агууламжаар стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9 дахин, нийт азотын агууламжаар 1.7 дахин, эрдэс фосфорын агууламжаар 1.4 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламжаар 9.9 дахин тус тус хэтэрсэн агууламжтай байгаа бол ТЦБ-ын цэвэрлэгээний түвшин тухайн сорьц авсан цаг үед 65-68%-тай цэвэрлэж байна.
Дээрх шинжилгээний дүн мэдээг ЦУОШГ-ын харьяа БОХЗЛабораторид 2023 оны эхний хагас жилд хийгдсэн Туул-Баянзүрхийн гүүр, Туул-Сонсголон, Туул-Сонгино доод, Шинэ гүүр, Сэлбэ-Дамбадаржаа, Дунд гол-УБ, Улиастай-УБ харуулын цэгийн хяналт шинжилгээний дүн мэдээтэй харьцуулж үзэхэд физик үзүүлэлтийн хувьд онцын зөрөө гараагүй зарим үзүүлэлт буурсан дүнтэй харагдаж байгаа ч шим бохирдлыг тодорхойлогч азотот нэгдлүүд, жинлэгдэх бодисын агууламж зарим цэгүүдэд өссөн нь айлуудын хог хаягдал, бохирын цооног, нүхэн жорлон болон хөрсний бохирдол үерийн усаар угаагдан голруу орсонтой холбоотой байж болно.
Усны газар, Усны хяналт шинжилгээний хэлтэс.
Уншиж байна |