Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллаж буй “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар наадмын нээлтийн талаар үзэл бодлоо хуваалцав.
“Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар
Энэ жилийн наадмын агуулга нь “Эв нэгдлийн тусгаар Монгол” буюу “Эвийн хүчээр тусгаар Монгол мөнхөд оршино” гэсэн утгыг илэрхийлэхийг зорьсон. Мөн бид мета домог зүй гэсэн шийдэл, хийц ашигласан. Баяр наадмын нээлт Эв мөнхийн дуулал, Их хөлгөн туульс, Их Монголын заяан цаг, Гурван цагийн нүүдэл, Алтан тэвшийн хөндий, Дэлхийн Монгол гэсэн зургаан бүлэгтэй байсан.
Мета домог зүй гэдэг нь цаг хугацаагаар биш, орон зайгаар аялна гэсэн үг. Мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт 1600 гаруй уран бүтээлч оролцсон.
Энэ жилийн наадамд хүүхэд багачуудаас эхлэн залуучууд, ахмад уран бүтээлчид гээд бүх үеийн төлөөллийг оролцуулсан. Ингэснээр наадмын нээлтийг гэр бүлээрээ тухлан сууж үзэх боломжтой. Сайн, муу наадам гэж байхгүй. Энэ жилийн наадам бол энэ жилдээ тохирсон бэлэгдэлтэй, утга зохиолдоо таарсан наадам боллоо гэж үзэж байна" гэв.