ЭМЯ-наас шуурхай хэвлэлийн хурал хийж, иргэдэд мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа
Үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэлтэй. Зарим халдварын вирус хөрсөнд байдаг учир хөрсний усаар дамжин гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Үерийн дараах халдвар бохирдлоор дамжин дэгддэг. Цусан суулга, балнад, халдварт шар өвчний тархалт дэгдэх эрсдэлтэй.
Бохирлогдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг бөгөөд тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг.
Иймд дараах зөвлөмжийг хэвшүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлөө бүрдүүлээрэй. Үүнд:
- Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авах
- Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх
- Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
- Усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)
- Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
- Гараа сайтар савандаж угаах
- Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях;
- Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх;
- Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах;
- Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх
- Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт..,)-оор халдваргүйтгэх, авгалдай устгал хийх
- Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах
- Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байх зэрэг болно.