Барууны маш хатуу хориг арга хэмжээг үл хайхран оросын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, шинэ түншүүдтэй болсоор байна. Жишээлбэл, Хакасиийн уул уурхайн олборлолтын Абазинский уурхай нь шведын “Sandvik” компани ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоож, гарснаас их хохирол хүлээсэн. “Sandvik” компани Абазинский уурхайн бараг бүх тоног төхөөрөмжийг эзэмшдэг байсан тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болж, шинэ хамтрагчид Беларусь Улсаас олдсон. Абазы хотын гол ажил олгогч болсон үйлдвэрийн газар Беларусийн Солигорск хотын “Нива-Холдинг” компанитай хамтарснаар тэдний зарим тоног төхөөрөмжийг уурхай дээр суурилуулж, зарим тоног төхөөрөмж үйлдвэрлэгдэж байгаа билээ. Хамтын ажиллагааны бас нэг чухал чиглэл бол Азийн улсууд юм.
Мөн Хакасид үйл ажиллагаа явуулдаг “Русский уголь” компаний Кирбинский уурхай БНХАУ-ын түншүүдтэй ажил хэргийн харилцаа тогтоож, уул уурхайн машин, механизмын дугуй үйлдвэрлэгч “Techking” компаний мэргэжилтнүүд уурхайд зочилж, карьерын самосвалуудын дугуйн ашиглалтын явц, нөхцлийг үнэлж, зохимжтой загвар сонгоход зөвлөмж өгчээ. Ажлын айлчлалын үр дүнд “Techking” компаний үйлдвэрлэдэг дугуйн загваруудаас Кирбинский уурхайд нийлүүлж, туршилт хийхээр тохиролцсон. “Techking” компаний үйлдвэрлэдэг дугуйн ашиглалтын явцад цуглуулсан мэдээллийг хятадын мэргэжилтнүүдтай хуваалцах нь үйлдвэрлэж байгаа загваруудыг олшруулах, үзүүлэлт, чанар сайжруулахад чухал ач холбогдолтой гэж уурхайгаас мэдээлэв.
Өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улстай хамтын ажиллагаа чухал байр суурьтай. Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээр олон орнуудтай ОХУ-ын харилцаа зогссон боловч Монгол Улс харилцаагаа таслаагүй билээ. Одоогийн байдлаар ОХУ, Монгол Улс хооронд төрийн, Засгийн газар хоорондын түвшинд 150 гаруй гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр үйлчилж байна. Хамтын ажиллагаа эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, цэргийн зэрэг олон салбарт үргэлжилж байгаагаас эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны яруу тод жишээгээр Хакаси Улсыг нэрлэж болно.
Монгол Улс, Хакасийн хамтын ажиллагаа олон жилийн уламжлалтай бөгөөд эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, музейн хэрэг, аялал жуулчлал гэх мэт салбаруудад идэвхтэй хөгжиж ирсэн. Красноярскаас Абакан, Кызыл хотуудаар дамжиж БНХАУ-ын Урумч хот хүртэлх улс дамжсан автозамын төсөл хэрэгжүүлэх нь худалдаа болон аялал жуулчлалыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл юм. Монгол Улс Хакаситай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Монгол Улс, Хакаси Улсын хоорондын худалдааны эргэлт тогтвортой нэмэгдэж байгаа. Хөдөө аж ахуйн болон үйлдвэрийн барааны худалдаа, барилгын материалын худалдаа хамгийн ирээдүйтэй салбарууд юм. Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа Хакасид маш их эрэлт хэрэгцээтэй. Мөн хоёр талын аялал жуулчлал хөгжүүлэх, Монгол Улс руу Хакасиар дамжсан тээврийн зам байгуулах нь харилцан ашигтай бөгөөд европын компаниуд ОХУ-д үйл ажиллагаа зогсоосноор бий болсон хоосон орон зайг шинэ тоглогчид эзэлсээр байна. Монгол Улс ОХУ-тай харилцаагаа таслаагүйгээс хожсон нь гарцаагүй юм.
Уншиж байна |