Нийслэлд бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн билээ. Уг асуудалд холбогдох байгууллагынхан газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Сэлбэ голын орчим дээд хэсгээрээ боогдож, стандартын гүүр бариагүйтэй холбоотой хүндрэл үүссэн байна. Засгийн газрын хуралдаанаар УОК-ийн даргатай хамтарч ажиллах талаар ярилцсан. Тиймээс айж сандрах шаардлагагүй байхгүй гэж хэлмээр байна.
Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хүн хүч нэмэгдүүлж, багаж, техник нэмэх чиглэл өгсөн. Шуурхай штабын даргаар нийслэлийн орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна. Хүн хүчний хувиарлалт тэнд хийж байгаа. Сэлбэ гол орчимд газар дээр нь ажиллаж, дээд болон доод гүүрүүдийг буулгана. Үерийн нөхцөл байдлыг хот төлөвлөлттэй холбоотой гэж та бүхэн үзэж байгаа байх. Үүнийг нууж, хаах зүйлгүй. Тийм зүйл бий. Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлыг засаад явж байна. Хоёрдугаарт, газар олголттой холбоотой асуудалтай холбоотой. Хууль зөрчсөн газар олголт түгээмэл байгаа учраас үүний эсрэг бид тэмцэнэ.
Би шүүх байгууллагын хүн биш. Тиймээс энэ буруутай, тэр буруутай гэж хэлэхгүй. Хотын зүгээс зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг нураах арга хэмжээ авна. Эхний ээлжид таван барилгыг нураах жагсаалт гаргасан. Улаанбаатар хотод зөвшөөрлөгүй барилга барихыг бид хориглоно. Мөн нэмж дурдахад Борооны улирал долдугаар сарын 12 хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Иймд энэ хүртэлх хугацаанд бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллахаар боллоо" гэсэн юм.