Солонгос гаралтай Оросын иргэний эсрэг Өмнөд Солонгос нэг талт хориг тавьсан талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын хэвлэлүүдээр гарсан. Энэ мэдээллээс тухайн иргэн Монголд аж ахуйн нэгж байгуулан, Хойд Солонгосын зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлж байсан гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, солонгос гаралтай Оросын иргэн Цой Чон Кон хориг арга хэмжээний жагсаалтад багтжээ. Түүний эсрэг хориг тавьсан нь Хойд Солонгосыг санхүүжүүлж буй хууль бус үйл ажиллагааных нь төлөө Өмнөд Солонгос гаралтай хүний эсрэг БНСУ-ын засгийн газар хориг тавьсан анхны тохиолдол болсон юм. Цой Чон Коны хамт Хойд Солонгосын банкны Владивосток дахь салбарын төлөөлөгч Со Мён ч хоригт багтсан байна.
БНСУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлэлд өгүүлснээр, хоригт багтсан Цой Чон Кон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Hanne Ulaan LLC компани байгуулсан аж. Энэ компани нь Хойд Солонгосын зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой аж. Мөн ийм зорилгоор Оросын Владивосток хотод Со Мёны хамтаар Эпсилон гэх фирмийг байгуулсан гэнэ. Чой Монголд байгуулсан Hanne Ulaan LLC компанийг удирддаг байсан бөгөөд энэ компани Хойд Солонгосын зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 10 тэрбум вон буюу монгол мөнгөөр 28,4 тэрбум орчим төгрөгийн орлого олсныг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам онцолсон байна.
Цой Чон Кон Өмнөд Солонгосоос хэзээ гарсан, хэзээ Оросын иргэн болсон талаарх мэдээллийг өгөөгүй, ямартай ч түүнийг Алан хядах ажиллагааг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлийг хориглох тухай хууль зэрэг хэд хэдэн хууль тогтоомжийг үндэслэн хоригт багтаажээ.
"VOA" агентлагийн мэдээлснээр, 66 настай Цой Чон Кон 2019 онд Монголд Hanne Ulaan гэх компанийг байгуулсан бөгөөд энэ компаниар дамжуулан Хойд Солонгост зориулж олон төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авч байсан гэнэ.
Чой болон түүний "Hanne Ulaan" компанийн нэр НҮБ-ийн тайланд дурдагдаж байв.
Тодруулбал, Аюулгүйн зөвлөлийн Хориг арга хэмжээний хорооны шинжээчдийн бүлгээс гаргасан 2021 оны тайланд Монголын эрх баригчид энэ компанийн хөрөнгийг царцаасан хэмээсэн байлаа. Тайланд өгүүлснээр, компанийн баримт бичигт Хойд Солонгостой холбоотой байж мэдэх заалтууд тусгагдсаныг олж мэдсэний дараа Монголын эрх баригчид 13 800 долларын хэмжээтэй хөрөнгийг нь царцаасан гэнэ.
Pyongyang Papers-ын мэдээлснээр, Hanne Ulaan компанийн Ерөнхий захирал Цой Чон Кон Болгарт байрлах компанид ажиллан, Оросын коксжих нүүрсийг худалдан авдаг байсан аж. Түүнчлэн Монголд Hanne Ulaan компаниас гадна Uran Tech компанийг байгуулан, Хятадтай нүүрсний худалдаа хийдэг гэж Pyongyang Papers-ийн материалд онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |