Францын нийслэл Парис хотын дагуул хотод 17 настай хүү цагдаагийн гарт амиа алдсаны дараа эхэлсэн эмх замбараагүй байдал үргэлжилж, ням гарагт шилжих шөнө олон зуун хүн баривчлагджээ.
Францын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, цагдаагийн ажилтны гарт амиа алдсан 17 настай Наэлийг оршуулах ёслол болсны дараа үймээн дахин дэгдэж, тав дахь өдрөө үргэлжилсэн энэ эмх замбараагүй байдлын үеэр ням гарагт шилжих шөнө 700 гаруй хүн баривчлагдсан байна. Нийгмийн эмх журмыг сахиулахын тулд Францад нэмэлтээр 45 000 цагдаа дайчлагдсанаас 7000 нь Парис болон дагуул хотод эмх журам сахиулж байгаа аж.
Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманены мэдэгдсэнээр хотуудын гудамжинд олон тооны цагдаа гарч ирснээр эмх замбараагүй байдал болон хүчирхийлэл нэмэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан гэнэ.
Гэсэн ч нэмэлтээр хүчлэн хамгаалалт зарлаж, хүмүүсийг олноор нь баривчилсан ч Францын олон бүс нутагт үймээн намжихгүй хэвээр байна. Олныг хамарсан эмх замбараагүй байдал өнгөрсөн шөнө гэхэд л Лион, Гренобль, Марселийг хамарчээ.
Эмх замбараагүй байдалд оролцогчид Парисын дагуул хот болох Л'Ай-ле-Роз хотын дарга Винсент Жанбрюны гэр лүү халдан орж, дараа нь барилгыг шатаажээ. Энэ үед хотын дарга гэртээ байгаагүй, эмх замбараагүй байдлын улмаас хэдэн шөнө ажил дээрээ хонож байгаа бол үймээн дэгдээгчид гэр рүү нь дайран орох үеэр эхнэр, тав болон долоон настай хоёр хүүхэд нь унтаж байсан гэнэ. Тэд байшин шатах үеэр гэрээсээ гарах гэж байхдаа гэмтэж, хотын даргын эхнэр хөлөө хугалсан бол нэг хүүхэд нь мөн гэмтсэн гэж Винсент Жанбрюн Твиттер хуудсандаа бичсэн байна.
Хотын даргын гэр рүү үймээн дэгдээгчид дайрсныг байж болшгүй үйлдэл хэмээн Францын Ерөнхий сайд Элизабет Борн мэдэгджээ. Үймээн дэгдээгчдийн энэ үйлдлийг хүний амь насанд халдах гэсэн оролдлого гэж үзэн, хууль сахиулах байгууллагынхан хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Марсельд эмх замбараагүй байдал дэгдээгчид цагдаагийнхантай мөргөлдөж, цагдаагийнхан цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Энэ мөргөлдөөний үеэр 45 цагдаа гэмтсэн бол үймээн дэгдээгчид 577 машин эвдэж, 70 гаруй байшин барилга шатаажээ.
Үймээнд хүргэсэн хэрэг
Өнгөрсөн долоо хоногт 17 настай хүү цагдаагийн гарт амиа алдсанаар энэ үймээн дэгдсэн юм. Тодруулбал, цагдаагийнхан нийтийн тээвэр зорчдог зурвасаас хурд хэтрүүлэн явж байсан Польшийн дугаартай машиныг олж хараад дохиогоо асаан араас нь хөөж, гэрлэн дохион дээр гүйцэж ирээд зогсохыг шаардсан байна. Харин жолооч машинаа зогсоолгүй улаан гэрлээр гарч, цааш давхижээ.
Цагдаагийнхан 16 минутын туршид зөрчил гаргасан жолоочтой хөөцөлдөж, зам дээр түгжээнд орох үед нь гүйцэн очоод, буу тулган машинаа унтраахыг шаардахад жолооч хүү дахин цааш зугтсан гэнэ. Энэ үед буу дугарч, жолооны ард сууж байсан хүү амь насанд халтай шарх авсан байна. Тухайн үед машинд өсвөр насны гурван хүүхэд байсны нэг нь саатуулагдаж, нөгөө нь зугтсан аж.
Энэ хэргийн дараа тухайн машинд явж байсан гэх өсвөр насны хүү олон нийтийн сүлжээнд бичихдээ, цагдаагийнхан машиныг гүйцэж ирснийхээ дараа жолооны ард байсан өсвөр насны хүүг зэвсгээр хэдэнтээ цохисны дараа хүү тормозоо гишгэж чадалгүй алдсан гэнэ.
Цагдаагийнхан анх мэдэгдэл хийхдээ, өсвөр насны хүү өөрсдийг нь цохих гэж оролдсон хэмээж байсан бол хожим гарсан дүрс бичлэг дээр огт өөр дүр зураг харагдаж байжээ.Ингээд өсвөр насны хүүг буудсан цагдаад хүний амь хөнөөсөн хэрэг үүсгэж, цагдан хорьсон байна. Өсвөр насны хүү цагдаагийн гарт амиа алдсаны дараа Францын цагдаагийнхны зэрлэг балмад аргыг шүүмжилж, байнга арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг гэж олон нийт шүүмжилж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулснаар өнөөгийн үймээн дэгдсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |