Италийн загвар өмсөгч Бьянка Брандолини Элтон Жоны тоглолтын үеэр авсан гэрэл зургаа олон нийтийн сүлжээнд нийтлэсэн нь олон нийтийн шүүмжлэл дэгдэх эхлэл болжээ.
Энэ шүүмжлэл нь загвар өмсөгчийг биш Францын Ерөнхийлөгчийг чиглэсэн аж. Учир нь Бьянкагийн оруулсан зураг дээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дүрслэгджээ. Парист эмх замбараагүй байдал дэгдэж байх үеэр Ерөнхийлөгч Элтон Жоны тоглолт үзээд явж байгааг олон хүн шүүмжилсэн байна.
Элтон Жоны тоглолт Парисын Accor Arena тоглолтын танхимд болжээ. Тоглолт болох үеэр Парисын хэд хэдэн дагуул хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэж байсан юм. Энэ нь сөрөг хүчний улс төрчдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулжээ.
"Франц галан дунд байхад Макрон Дотоод хэргийн сайд эсвэл цагдаа нарынхаа дэргэд биш харин Элтон Жонд алга ташин суухыг эрхэмлэж. Хүн бүрт өөрийн эрхэмлэх зүйл гэж бий. Ямар хариуцлагагүй юм бэ" хэмээн Францаас сонгогдсон Европарламентын гишүүн Тьери Мариани мэдэгджээ.
Эргэн сануулахад, зургадугаар сарын 27-ны шөнө 17 настай өнгөт арьст хүү машин жолоодож явах үед нь цагдаагийн алба хаагч машинаа зогсоох шаардлага тавихад хүү шаардлагыг биелүүлээгүйн улмаас цагдаа түүн рүү буудсанаар жолооч газар дээрээ нас барсан. Үүний дараа Нантер хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар энэ нь эмх замбараагүй байдал болон үргэлжилж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |