Пүрэв гарагийн үдэш Брюссельд эмх замбараагүй байдал дэгдэж, хэд хэдэн машин шатаасан хэрэг гарчээ. Улмаар цагдаагийнхан эмх замбараагүй байдалд оролцсон 10 хүнийг баривчилсан талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Брюссельд болсон эмх замбараагүй байдал нь Францад өсвөр насны өнгөт арьст хүү цагдаагийнханд буудуулж амиа алдсанаас үүдэлтэй үймээнтэй холбоотой аж. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, пүрэв гарагийн туршид олон нийтийн сүлжээгээр "Франц шиг эсэргүүцэх"-ийг уриалж байсан гэнэ.
"Залуус нийслэлийн хэд хэдэн дүүрэгт цуглаж, цагдаагийнхныг өдөөн хатган, хэд хэдэн автомашин шатаасан. Хотод 10 хүн баривчлагдсан" гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Үймээн дэгдсэнтэй холбоотойгоор хотын баруун хэсэгт байх Аннесенс хороололд тээврийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Энэ хороолол нь Хойд Африкаас гаралтай оршин суугчид амьдардаг бүсүүдийн нэг аж.
Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Брюсселийн хэд хэдэн дүүрэгт эмх замбараагүй байдал дэгдэж, олон машин шатаасан бөгөөд хэргийн газарт ирсэн цагдаа болон гал сөнөөгчдийг өсвөр насны бүлэг хүүхдүүд чулуу шидэж, ойртуулахгүй байсан гэнэ. Эмх замбараагүй байдал одоогоор тухайлсан хэсэг газарт гарсан, олныг хамарсан шинжтэй болоогүй ч хотын нөхцөл байдлыг хяналтаас гаргахгүйн тулд цагдаагийнхан ихээхэн хүч хаяж байгаа аж.
Хотод эмх замбараагүй байдалтай тэмцэхээр бамбай, бороохойгоор зэвсэглэсэн тусгайгийнхныг дайчилсан бол гудамжуудад эсэргүүцлийг тараахад ашигладаг даралттай ус шүршигч машинуудыг байршуулжээ.
Франц дахь нөхцөл байдал
Зургадугаар сарын 27-ны өдөр Парисын дагуул хот Нантерд 17 настай жолооч цагдаагийн алба хаагчид буудуулж амиа алдсаны дараа Францад үймээн дэгдсэн юм. Улмаар энэ үймээн Тулуза, Лион, Марсель, Страсбургт ч дэгджээ.
Францын хэвлэлүүдийн мэдээлснээр, зургадугаар сарын 29-нд шилжих шөнө гэхэд л цагдаагийн олон машиныг шатааж, цагдаагийн байр, захиргаа, сургуулийн байруудыг галдсан байна. Эмх замбараагүй байдлыг дарахын тулд 2000 гаруй цагдаагийн алба хаагч дайчлагдан ажилласнаас, олон хүн гэмтэж, шархаджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |