Өнгөрсөн долоо хоногт Орост гарсан Вагнерын бослого олон улсын анхаарлыг татсан хэвээр байна. Улс орны төрийн өндөр албан тушаалтнууд энэ асуудлаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Энэ удаад Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк 24 Канал сувагт бослогын талаарх байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Орост гарсан "нэг өдрийн бослого"-ыг Пригожин зохион байгуулаагүй, Владимир Путинийг нэг л хүн дэмждэг хэмээн энэ ярилцлагадаа онцолсон байна. Подолякийн ярилцлагыг товчлон хүргэе.
–24 цаг ч тэсээгүй "баатарлаг бослого"-оос бид юу олж харав аа?
Орост суурь үндсээрээ өөрчлөлт гарч байгааг бид олж харлаа. Пригожиний тал 24-48 цаг тэссэн бол энэ нь Орост дам үр нөлөө үзүүлэх байсан. Гэхдээ Орост ямар ч эмгэнэл, драм эхэллээ ч жүжгээр л дуусдаг гэдгийг бид мэднэ. Энэ чинь түрэмгийлэгч орны үүх шүү дээ. Орос улс өнөөдөр юу ч биш болж хувирлаа. Энэ улсаас олон улсын шинжтэй үйлдэл хүлээх хэрэггүй.
Нөгөө талаас, зургадугаар сарын 23-24-ний өдөр Пригожиний 25-30 мянга биш харин 5,5-8000 зэвсэглэсэн этгээдүүд дараах зүйлсийг тодхон харууллаа. Орос улс дэлхийн хэмжээний том, бат бэх улс биш. Путин гэж үгүй болсон. Тэр бол юунаас ч айлгүй, зохих шийдвэрийг гаргадаг ерөнхийлөгч биш. Харин эрсдэл олж хармагц хаашаа ч юм алга болчихдог хуурамч этгээд.
Элит нь нэгдмэл биш, мөн Путинтэй хамт хаашаа ч юм алга болчихсон. Пригожин цуваагаа эргүүлсний дараа "тодорхой зорилтоо биелүүллээ" гэж хэлээд, ямар нэг тайлбар хийхээр гарч ирдэг болсон. Миний бодлоор, энэ бол Пригожин Орост хийсэн хамгийн аймшигтай зүйл. Өөрөөр эхлбэл тэр Оросын нэр хүндийг нэг мөр үгүй хийсэн, мөн Путиний нэр хүндийг ч барууны улс төрийн зах зээл дээр үгүй хийлээ.
Дайны үеэр "Үгүй дээ, Орос нэгдмэл, хүчирхэг, Путин бол аймшигтай хүн, бүгдийг хянадаг" гэсэн яриа гарч л байлаа. Гэтэл өнөөдөр тэр XXI зууны алиалагч болж хувирлаа. Үүнтэй зэрэгцээд Пригожин өөрийн нэр хүндийг ч үгүй хийв. Вагнерын нэр хүндийг ч тэр.
<...> Гэхдээ дахин онцлон хэлье, манай түншүүдийн хувьд "хаан" нүцгэн, "хаан" сул дорой гэдэг нь ойлгомжтой боллоо. Путин цаашид ч Ерөнхийлөгч хэвээр үлдвэл Орост үүнээс ч аймшигтай зүйлс гарна.
–Пригожиний эцсийн зорилго юу байсан юм бол оо? Тэр энэ зорилгодоо хүрсэн үү?
<...> Парагматик зорилготой байсан. Пригожин Батлан хамгаалах яам, бусад төрийн албад руу халдсан. Вагнерыг эсвэл устгана, эсвэл хаана эсвэл санхүүжилтийг нь зогсооно, үгүй бол Пригожиноос энэ компанийг булааж, тэр юу ч үгүй үлдэнэ гэдгийг Пригожин мэдпэж байсан. Тиймээс л Вагнерын хяналтыг өөртөө хадгалж үлдэхийн тулд ийм сүрдүүлгэ хийсэн.
<...> Миний бодлоор, бослогыг Пригожин зохион байгуулаагүй. Тэр цэргийн хүн биш, тиймээс Орос дахь мужийн төвүүлийг эзлэн авах үр дүнтэй ажиллагаа төлөвлөж чадахгүй. Тиймээс энэ бослогыг цэргийн алба хаагчид төлөвлөсөн. <...> Та нар үйл явдлыг харсан шүү дээ, Вагнерын замд таарсан цэргийн ангиуд бараг бүгдээрээ эсэргүүцэл үзүүлээгүй. Өнөөх онгоцны нисгэгчдийг тооцохгүй орхилоо, бусад нь бол зэвсгээ хасяж, эсвэл хөндлөнгийн байр суурьтай байсан. Москвагийн хамаг томчууд алга болсон, учир нь тэнд эсэргүүцэх хүн огт байхгүй гэдгийг ойлгож байсан.
– Энэ үйлдэл нь тэр цэргийн үүрэгтний хувьд Оросоос гарах гэсэн оролдлого байж болох уу? Пригожиний ээжийн эсрэг тавьсан Европын бүх хоригийг цуцалчихсан шүү дээ. Тиймээс тэр Европт амьдрах нь илүү дээр гэж бодоод дараа нь НҮБ-ын бүх форум дээр "би хичээсэн" гэж ирээд ярихаар төлөвлөж байсан ч юм билүү?
- Сонирхолтой л хувилбар юм. Гэхдээ Пригожин хууль ёсоор амьдрах ямар ч боломжгүй. Тэр үргэлж л цэргийн гэмт хэрэгтэн байсан. Ганцхан Украинд төдийгүй Ливи, Сири гээд л хөвөрнө. Тэр гэмт хэргээсээ мултарч чадахгүй.
Миний бодлоор, Пригожин буруу тооцоолсон, буруу сонголт хийсэн. Энэ бүхэн нь түүний хувьд муугаар төгсөн. Маргааш, нөгөөдөр биш юм аа гэхэд түүний хувь заяа хэзээ нэгэн цагт эмгэнэлтэйгээр төгсөнө. Өөр хувилбар байхгүй. Вагнерын тухайд гэвэл энэ компанийг "дэлбэлнэ", өөрчилнө. Хэн нэгнийг нь устгана, өөр нэгэн нь өөр чиглэлд ажиллана. Миний бодлоор, вагнерчуудын хувьд Украины дайн манатай л байгаа. Өнөөдөр тэд компаниа л авч үлдэх нь чухал болоод байна.
<...> Путини цөмийн зэвсэг гээд л Орост бүхнийг хянадаг гэдэгт барууныхан итгэж байлаа. Харин өнөөдөр, Путин сул дорой, тэр төрийн эрхэнд удаан байх тусам дайнаас үүдэлтэй хор уршиг Оросын хувьд тааварлашгүй байна гэдгийг ойлгож байна.
Орос, Украины дайн хэрхэн дуусахаас үл хамаарч дайны дараа Орост үймээн бужигнаан болно. Улс орных нь дотоодод нөхцөл байдлыг хэн хянаж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдалд түрэмгийлэгч орно. Путин хүчирхэг хүн биш, тэр дайнд ялагдсан нөхцөл Оросыг удирдаж чадахгүй. Тиймээс Орост Путиний дэглэмийг орлох шилжилтийн засгийн газар хайх хэрэгтэй болно. Хэсэг хугацааны дараа бид үүнийг олж харна.
Ийм үр дагавар Орост гарах нь гарцаагүй. Харин бидний хувьд фронтын шугамаар үзүүлэх дарамтаа нэмэгдүүлж, аливаа чиглэлд тактикийн томоохон амжилт гаргах нь нэн чухал.
–Бослогын дараа Оросын цэргийн удирдлагад өөрчлөлт гарах байх гэж бид харж байлаа. Учир нь Пригожиний бослогын үеэр Сергей Шойгу, Валерий Герасимов нар алга болчихсон шүү дээ. Гэтэл тэд шийдвэр гаргах ёстой байсан. Үүний дараа Путин эсвэл түүний "ихэр" нь яагаад ч юм Дагестан явчихсан.
- Оросууд улс орноо удирдах чадвартаа эргэлзэж байх үед аялал жуулчлалын улирлыг нээхээр Дербент рүү (shuud.mn: Дагестаны хот) явсан тэр хүний тухайд гэвэл энэ ч муугүй шүү. Путин хийсэн үйлдэл бүрийнхээ нэр хүндийг гутааж байдаг. Путинд үлдсэн жаахан нэр хүндийг нэг мөр унагасанд нь бид түүний хүрээллийнхэнд талархах ёстой.
<...> Путиний эрх мэдлийг хадгалж үлдэх сонирхолтой, Орост үлдсэн Путинийг дэмжигч, бүхий л чадлаараа түүнийг хамгаалахыг хичээдэг цорын ганц хүн нь Шойгу. Гагцхүү тэр үүнийгээ хийж чадах уу үгүй юу гэдэгт л асуудлын учир байгаа юм.
Путиний хувьд өөрийнх нь талд байгаа цорын ганц хүн нь Шойгу гэдгийг Пригожиний бослого харуулсан. Путин ч түүнээс зууралдана. Гагцхүү Шойгу түүний тогтвортой байдлын баталгаа гэдгийг тэр үнэлэх ёстой.
Г.Бямбасүрэн