Саудын Арабын Жидда хотод байрлах АНУ-ын Ерөнхий консулын газрын байрны гадаа буудалцаан болжээ. Энэ талаар АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Буудалцааны талаар анх Саудын Арабын Мекка мужийн албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Түүний өгүүлснээр, зургадугаар сарын 28-ны үдэш Америкийн консулын газрын барилгын гадаа нэг машин зогсож, машинаас галт зэвсэгтэй эр бууж ирсэн байна. Зэвсэгт этгээд консулын газар руу халдах гэсэн ч аюулгүй байдлын албаныхан түүнийг хөнөөжээ. Энэ буудалцааны улмаас АНУ-ын Консулын газрын хамгаалагч шархдаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.
Консулын газрын гадаа буудалцаан болж, харуул амиа алдсан гэсэн мэдээллийг Төрийн департамент баталжээ. Төрийн департаментын мэдээлснээр, консулын газар руу нэвтрэх хэсгийг тэр дор нь хаасан тул Америкийн дипломатчдаас хэн ч хохироогүй гэнэ. Одоо болсон хэргийг шалгаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |