Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Оросын хувийн цэргийн компани болох "Вагнер"-ын эзэн Евгений Пригожин Батлан хамгаалах яамыг вагнерчуудын ар талын хуаранд пуужингаар цохилт өгсөн, дайнд ялж чадахгүй байгаагийн гол буруутан нь Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон командлагч Герасимов нар хэмээн мэдэгдээд "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарласан. Улмаар вагнерчууд Донын Ростов хотыг бүрэн хяналтдаа авч, Батлан хамгаалах яамны эрх бүхий албан тушаалтнуудтай хэлэлцээ хийх гэсэн ч "бүгд зугтсан" хэмээгээд Вагнерын цуваа Москваг зорьж байв. Зургадугаар сарын 23-ны өдөр эхэлсэн энэ бослого ердөө нэг өдрийн дараа гэхэд намжсан юм. Энэ хэрэгт Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко оролцож, Пригожинтой хэлэлцээ хийснээр Евгений Пригожин Москва хүрч явсан цэргийн цуваагаа эргүүлэн татаж, өөрөө Беларусь явахаар болж байв. Мөн түүний эсрэг үүсгэсэн хэргийг хааж байлаа.
Гэхдээ Пригожинтой холбоотой хэрэг ингээд дуусахгүй нь ойлгомжтой. Пригожинтой холбоотой бизнесийг шалгах үүргийг Путин эрх бүхий албан тушаалтнуудад өгсний дээр Вагнерыг дэмжиж байсан гэгдэх генерал баривчлагдсан талаарх мэдээллийг The Moscow Times сонин дамжуулжээ.
Тодруулбал, Украин дахь Оросын цэргийн нэгдсэн бүлэглэлийн орлогч командлагч Сергей Суровикин баривчлагдсан гэсэн мэдээллийг Батлан хамгаалах яаманд ойр хоёр эх сурвалж The Moscow Times сонинд өгсөн байна. Харин Батлан хамгаалах яам энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй аж.
"Бүх юм "ок" байгаагүй. Эрх баригчдын хувьд шүү дээ. Өөр зүйл нэмэж хэлэх боломжгүй" хэмээн нэг эх сурвалж өгүүлсэн бол өөр нэг эх сурвалж "Пригожинтой холбоотой. Бослогын үеэр Пригожиний талыг тэр баримталсан" хэмээжээ. Генерал одоо хаа байгаа талаар асуухад "энэ мэдээллийг дотоод сувгаараа ч тайлбарладаггүй" хэмээн хариулсан гэнэ.
Генерал Суровикин баривчлагдсан талаарх мэдээллийг анх цэргийн блогчин Владимир Романов нийтэлсэн байна. Түүний мэдээлснээр, зургадугаар сарын 25 буюу Пригожиний удирдсан Вагнерын бослогоос нэг өдрийн дараа баривчилжээ.
"Армагеддон" хочит генерал, Оросын армийн дээд цолтон Суровикин Украины эрчим хүчний объектуудад пуужингийн цохилт өгч байснаараа алдартай. Тэрбээр бослогын дараа л "алга болсон" гэж The Guardian сонин бичжээ. "Тэр гурван өдөр гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй, хамгаалалтынхан нь ч хариу өгөхгүй байгаа" гэж "Эхо Москвы" радиостанцын ерөнхий редактор асан Алексей Венедиктов мэдэгдсэн байна.
Суровикин Евгений Пригожин Оросын цэргийн удирдлагын эсрэг зэвсэгт бослого эхлүүлэхээр төлөвлөж байгааг эртнээс мэдэж байсан гэж Нью-Йорк Таймс сонин АНУ-ын тагнуулаас авсан эх сурвалжтайгаар өмнө нь мэдээлж байлаа. АНУ-ын тагнуулчдын үзэж байгаагаар, Суровикин Владимир Путин 23 жил төр барих хугацаанд хамгийн ноцтой аюул заналыг учруулсан зэвсэгт бослогыг Пригожин зохион байгуулахад Суровикин тусалсан эсэхийг Оросын эрх баригчид тодруулахаар оролдож байгаа гэнэ.
Пригожин бослогод уриалж, Москвад танкууд орж ирэв
NDR: Пригожинтой хэлэлцээ хийсэн нь Путиний хувьд том ялагдал
Хулгай, садар самууны хэргээр ял эдэлж байсан Пригожиний хувийн амьдрал
Г.Бямбасүрэн
Уншиж байна |