Нүүр ам гажиг заслын зөвлөх эмч Г.Ганжаргал өнгөрсөн онд Архангай аймагт учир битүүлгээр амь насаа алдсан. Түүнийг өндрөөс унасан хэмээн хэргийг хаах гээд байгаа талаар ар гэрийнхэн нь өнөөдөр мэдээллээ. Гэр бүл нь түүний амь насыг зохион байгуулалттайгаар хөнөөсөн хэмээн үзэж байгаа бөгөөд талийгаачийн аав Д.Ганбүргэд хүүгээ амиа хорлох хүн огт биш гэдгийг хэлж, хэрэг одоог хүртэл шийдэгдэхгүй байгаад харамсаж, гомдож байгаагаа илэрхийллээ.
Талийгаачийн найз Энхжаргал: Монгол Улсад хүн амьд явах эрхээ эдэлж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Өндрөөс унаж амиа алдсан мэдээ маш их гардаг. Өндрөөс унасан бүхэн ахуйн осол, золгүй явдал байдлаар хаагддаг. Жилд 100 орчим хүн өндрөөс унаж амиа алдаж байхад хэрэг нь хэрхэн шийдэгдэж байгаа нь тодорхойгүй.
Талийгаач найзын маань амиа алдсан хэрэг ардаа маш олон эргэлзээг дагуулж байна. Хамгийн анх өндрөөс унаж, амиа насаа алдлаа гэсэн дуудлага ирсэн байдаг. Өндрөөс унасныг нь харсан гэрч байх ёстой. Хамт явсан хүмүүст нь яагаад гурван цагийн дараа амиа алдсаныг нь хэлэв? Анхнаасаа өндрөөс унасан гэж мэдээлсэн атлаа өнөөдрийг хүртэл нотолж чадаагүй.
Талийгаачийн үеэл Гал-Очир: Мөрдөгч, шинжээчид хэргийн газрын үзлэгийг маш дутуу хийсэн. Хурууны хээний бэхжүүлэлтийг хийгээгүй, талийгаачийн ахын хурууны хээг аваагүй. Амьсгал боогдсон ул мөр хүзүүн дээр тодоос тод байхад шинжилгээг дутуу хийсэн. Талийгаачийн хувцсанд үзлэг шинжилгээ хийх ёстой. Гэтэл хийгээгүй. Энэ хэргийг өндрөөс унасан гэдэг үндэслэлээр шалгасан. Өөр хүнтэй муудалцаж, ноцолдсон талаар үзлэг огт хийгээгүй. Хэргийн газрын үзлэгийг санаатайгаар буруу, дутуу хийсэн таван хүнийг шалгуулахаар АТГ-т өгсөн. АТГ одоо шалгаж байгаа.
Үнэн мөнийг олмоор байна, өндрөөс унасан болгон золгүй осол байдлаар хаагдмааргүй байна.
Талийгаачийн эхнэр Отгонцэцэг: Манай нөхөрт хоёр удаа задлан шинжилгээ хийсэн. Одоо гурав дахь удаагаа хийх гэж байна. Хоёр удаагийн задлан шинжилгээ хоорондоо зөрүүтэй, шинжлэх ухааны үндэслэлгүй гээд УЕПГ-аас дахин шинжилгээ хийхээр болсон. Энэ шинжилгээнд гэмтлийн чиглэл бүрийн эмч оруулж өгөхийг хүсэж байна. Өндрөөс унасан эсэхийг физикийн мэргэжилтнээр нотлоод өгөөч. Энэ хүсэлт удааширч, шийдэгдэхгүй байна.
Гавлын оройд язарч, урагдсан маш том шарх байсан. Унасан газар нь чулуугүй, өвч ихтэй, зөөлөн хөрстэй байхад яагаад толгойны хуйх нь язарч, урагдсан байх вэ. Дөрвөн давхраас унахад яагаад гавал тархи нь ийм хүнд гэмт учраад байгаа юм бэ.
Хүзүү нь хөх эрээн болсон байсан, боосон юм биш үү гэхээр шинжээч үгүй гээд байгаа. Өндрөөс унахыг харж байсан мэт шинжээч яаж мэдээд байгаа юм бэ. Улаан хоолой, бамбай булчирхайд цус хуралт үүссэн. Энэ бол хоолойг боох үед үүсдэг үндсэн шинж. Цээжинд нь маш том зулгаралт үүссэн. Хувцас нь яагаад урагдаж, цээж нь зулгарсан юм бэ. Ар нуруу, баруун тархины ар талд маш том шарх үүссэн. Үүнийг нас барсан хойно нь үүссэн гэсэн, нас барсан хүнийг хэн гэмтээсэн юм бэ. ХЗДХ-ийн сайд, Улсын Ерөнхий прокурорт уулзах хүсэлтээ удаа дараа өгсөн, уулзахгүй байна. Наадам өнгөрөөж хэргийг хааж, замхруулах гээд байна" гээд хэргийг яаралтай үнэн зөв шийдэж өгөхийг хүслээ.
Уншиж байна |