Монголын үндэсний бөхийн холбооноос Үндэсний баяр наадмын бөхийн барилдааны 1-9 даваанд бөхчүүдийн идэвхээс хамаарч, давуулах эсвэл хасахыг шийдэх нь учир дутагдалтай учраас ХЗДХЯ-нд хандаад буйгаа мэдээлсэн. Энэ асуудлаар өнөөдөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.
П.Сайнзориг “Идэвхээр барилдааныг үнэлэх бол өнгөрсөн жил батлагдсан дүрэм. 100, 101 жилийн ойн барилдаанд 1024 бөх барилдахад хэл ам гараагүй. Энэ дүрэмд ямар нэг асуудал гараагүй. Зарим аймагт жижиг сажиг алдаа гарсан юм билээ.
Дүрмийн энэ өөрчлөлт бөхчүүдийн барилдаанд эерэгээр нөлөөлсөн гэж судлаачид ярьж байгаа. Бөхчүүд барьцанд хүрэхийг хүлээхгүй идэвх санаачилга гаргаж, мэх хийдэг болсон зэрэг эерэг өөрчлөлт гарсан. Гэтэл цөөн тооны бөхчүүдийн лоббигоор энэ дүрмийг өөрчлөх саналыг МҮБХ-ноос тавьсан. Бид дүрмийн зөвлөлийнхөө шийдвэр, бөхчүүдээр хэлэлцүүлсэн хурлын протоколыг авчрахыг хүссэн ч байгаагүй.
Улсын цолтой нэр бүхий бөхчүүд өөрсдөдөө зориулж, дүрмийг өөрчлөхөөр хуралдсан. Энэ бол ашиг сонирхлын зөрчил. Дүрмийн зөвлөлд О.Хангай, Н.Батсуурь, О.Балжинням аварга, Т.Сүрэнжав арслан, И.Доржсамбуу гарьд, Ц.Магалжав нарын найман хүн байдаг. Тэд сууж байгаад бусад бөхчүүдийн асуудлыг шийдэж байна.
Төрийн наадам цаг хугацаатай, үзэгч түмнийг чилээж болохгүй. Тиймээс бөхийн салбар хорооны хуралдаж, дүрмийг тулгаж өөрчлөхгүй гэж үзсэн. Өнгөрсөн жилийн дүрмээр явна. Цөөн тооны бөхчүүдэд тааруулж, дүрмийг жил бүр өөрчилж болохгүй. Бөхчүүд дүрмийг шүүмжилж болно. Гэхдээ дагаж мөрдөх ёстой.
Өнгөрсөн жил үндсэн барилдаан 30 минут+10 минутад идэвхийг харж байсан бол энэ жил үндсэн барилдааны 40 минутын турш идэвхийг харах өөрчлөлтийг оруулж байгаа. Өөрчлөлтийг Засгийн газар батална” гэсэн тайлбарыг өглөө.
Мөн энэ жил бөхийн ам авахтай холбоотой дүрэм өөрчлөгдөж байгаа аж. Энэ тухай П.Сайнзориг “Өнгөрсөн жил ам авахад харилцаа холбооны хэрэгсэл ашигласан нь наадамчин олныг бухимдуулж, найраа ажиглагдсан. Мөн хүнээр нэр дуудуулахаар бөхийн нэрийг алгасаж уншдаг талаар бөхчүүд шүүмжилсэн. Тиймээс дүрмийн өөрчлөлтийг санал болгож, хүнтэй бус программ хангамжтай өөрөө харьцаж, 4+1 минутад амжин ам авах боломжийг нээж өгч байгаа.
Ам авахад харилцаа холбооны хэрэгсэл, утас ашиглахыг хориглож байна. Хэрэв ашиглавал бөхийн хорио цээрт заасны дагуу арга хэмжээ авна.
Үүнээс гадна цол дуудуулахад бөхчүүд нэг л ивээн тэтгэгчээ дуудуулна. Зарим бөхчүүд 3-4 компанийн нэр дуудуулах нь төрийн наадамд зохисгүй. Энэ өөрчлөлт Засгийн газрын хуралдаанаар эцэслэгдэнэ” гэв.
Б.Хэрлэн