Ээлтэй Ертөнц ТББ ын тэргүүн Т.Туяажаргал НХХЯ-ны үүдэнд мэдээлэл хийлээ.
Ээлтэй Ертөнц ТББ ын тэргүүн Т.Туяажаргал
Өнөөдрийг хүртэл бид 16 жилийн турш Монгол улсын төр засгаас байнгын асаргаатай буюу хүнд хэлбэрийн тархины саажилт, булчингийн чангаралтай, аутизм, даун гэсэн хүнд хэлбэрийн хүүхдүүдийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн цогц үйлчилгээг дэмжиж өгөөч хэмээн бүх шатны хүмүүст хандаад явж байна.
Төр засаг биднийг хайхардаггүй, сонсохгүй болоод эхлэнгүүт эцэг эхчүүд нэгдэж байгаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төвийг нээгээд зургаа дахь жилдээ авч явж байна. Энэ хооронд бид уих болон засгийн газар руу хандсаар ирсэн. Өнгөрсөн 2022-2023 оны хичээлийн жилд "Бид үнэхээр цөхөрч байна. Энгийн хүүхдүүдэд боловсролыг үнэ төлбөргүй олгодог хэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тийм боломж байхгүй байна. Тиймээс ЗГ шийдвэртээ оруулж эдгээр хүүхдүүдийн хөгжих боломжийг нээж өгөх хүртэл бид үйл ажиллагаагаа зогсоолоо" зэргээр хандаж байсан.
Үүний үндсэн хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжүүлэх төвийг, үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг дэмжинэ гэж амалсан. Гэтэл одоог хүртэл тоймтой зүйл байхгүй явж байна.
Үе үеийн засгийн газрууд "Та нарын ярьж байгааг дэмжиж байна. Та бүгдийн талд байна. Энэ хүүхдүүдийн төлөө бид юм хийнэ ээ" гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл хийсэн зүйл нэг ширхэг ч байхгүй байгаа юм.
Өнөөдөр Монголд 12 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн тоон судалгаа байдаг. Гэхдээ хэд нь өнөөдөр боловсролын үйлчилгээнд хамрагдаж, хэдэн хүүхэд нь өнөөдөр гэртээ сууж байгаа талаар манай засгийн газар ямар ч мэдээлэлгүй байгаа. Тиймээс Засгийн газар шийдвэртэй алхам хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үнэ төлбөргүй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлж өгөөч гэж хүсэж байна" гэв.
Уншиж байна |