Нийгэм судлалын шалгалтад улсын хэмжээнд 20 сурагч 800 оноо авсаны нэг нь Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Эрдэнэ-Отгоны Батзолбоо юм. Түүний хувьд ЭЕШ-д бэлдэхийн тулд өдөрт хамгийн ихдээ л 8-9 цагийг зарцуулдаг байжээ. Тэрбээр хэлэхдээ, "Шалгалтад 800 авсан хүүхдүүд анхнаасаа энэ оноог авна гэсэн зорилгын хүрээнд бэлтгэж байж өндөр оноо авдаг" хэмээн өөрийн шалгалтад бэлдсэн туршлага болон зөвлөгөөг үе тэнгийн найзууддаа зөвлөж байна.
-Юуны өмнө шалгалтдаа 800 оноо авсанд нь баяр хүргэе. ЭЕШ-д хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?
- Би 11 дүгээр ангид суралцдаг байхаасаа нийгмийн олимпиадад бэлдэж эхэлсэн. Тийм болохоор ямар нэгэн төлбөртэй давтлага авахгүйгээр багшаасаа үнэгүй сургалт авсан гэж хэлж болно. Мөн аймгийнхаа төрөлжсөн олимпиадад оролцоод хүрэл медаль авч байсан. Энэ хүртэл намайг дэмжиж ирсэн багшдаа болон аав ээждээ баярлалаа гэж хэлмээр байна
- Шалгалтаа бэлдэхэд хэцүү зүйл тулгарч байв уу?
- Манай багшийг П.Эрдэнэцэцэг гэдэг. Багш маань бидэнд үргэлж мэдэхгүй чадахгүй зүйлийг маань хэлж тусалж байсан. Тийм болохоор шалгалтад бэлдэхэд надад хэцүү зүйл бараг байгаагүй ээ. Багш нар сурагчдад ЭЕШ-аас долоо хоногийн өмнө сорил ажиллаж үзээрэй гэж хэлдэг. Өмнө нь сорил дээр ажиллаж үзээгүй хүүхэд шууд орвол сандраад, айдас мэдрээд бүрэн потенциалаа гаргах нь багасаад ирдэг.
-Өдөрт хэдэн цагийг шалгалтдаа зарцуулж байсан бэ?
- ЭЕШ-д 800 оноо авна гэхээрээ ядаргаанд ортлоо, хамраас цус гартлаа бэлтгэнэ гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд байдаг. Миний хувьд жил гаруй хугацаанд бэлтгэхдээ хамгийн ихдээ л 8-9 цагийг зарцуулдаг байсан. Гэхдээ ихэнхдээ бол 2-3 цагийг өөртөө гаргаад тэр хугацаанд хичээлээ чанартай хийж байсан.
- Шалгалтдаа ямар арга барилаар бэлдэж байсан бэ?
- Миний хувьд найзуудаасаа үлгэр дуурайл авч, шалгалтад хамт бэлтгэж байсан. Тест хийгээд надаас өндөр оноо авчихвал шарандаа илүү сайн хийхийг хичээж байсан. Бие биеэ хурцалж хичээлээ давтах нь үр дүнтэй байдаг. Мөн зарим тохиолдолд ганцаараа чимээгүй орчинд өөрийгөө бясалгаад бэлдэх нь их хэрэгтэй санагдсан.
Мөн сэтгэл зүйн асуудал хамгийн том даваануудын нэг. ЭЕШ-д бэлтгэхдээ дан ганц мэдлэгээр нүдээд байхаас илүү өөрийнхөө сэтгэл зүйн бэлэн байдлыг хамгийн түрүүнд хангах ёстой юм билээ. Зарим хүүхдүүд шалгалтаа бингодоод л хийхэд босго оноо давна гэдэг. Энэ бол их үзэл хандлага шүү. Тухайн шалгалт өгөх хичээлээ л маш сайн уншиж, ойлгосон байхад хүссэн оноондоо хүрч чадна.
-Ямар чиглэлээр сурах тэмүүлэлтэй байгаа вэ?
- Би Философийн мэргэжлээр сурах сонирхолтой байгаа Одоогоор МУИС-д бүртгэлээ илгээсэн байгаа.
- Мэргэжил сонголт дээр залуус их алддаг юм шиг санагддаг. Хэн нэгний үгэнд ороод л, сонгочихдог. Тэгээд дундаас нь хаячихдаг. Тиймээс үе тэнгийнхэндээ хандаж зөвлөгөө хэлээч гэж хүсэх байна...
- Мэргэжилээ сонгоно гэдэг бол хүний амьдралын хамгийн том чухал сонголтуудын нэг юм. Энэхүү чухал сонголтыг бусдын нөлөөнд автаж биш өөрийнхөө дуртай сонирхолтой чиглэлээр сонгож суралцвал амжилт гаргах нь гарцаагүй гэж боддог. Харин өөрийнхөө сонирхлыг бус бусдын үгэнд орж мэргэжлээ сонгосноос үүдэн маш олон сөрөг үр дагавар үүсэж болно.
-Нийгмийн ухааны хичээлийг сурах гээд яг хаанаас эхлэхээ мэдэхгүй, эхэлсэн ч "төөрөөд" яваад байгаа хүмүүст өөрийн үнэтэй зөвлөгөөгөө өгөөч?
- Нийгмийн ухааны хичээл бол тогтвортой сууж ойлгож уншиж чаддаг хүнд их тохирдог юм шиг санагддаг. ЭЕШ-д бэлдэж байгаа дүү нартаа захиж хэлэхэд "Их цаг бэлдэх нь чухал биш харин бэлдэж байгаа хугацаандаа чанартай тогтмол бэлдэх хэрэгтэй.сӨөртөө битгий дарамт үүсгээрэй. ЭЕШ-д уналаа гээд амьдрал сүйрчихгүй шүү дээ. Хамгийн гол нь багаасаа л аажим аажмаар шалгалтдаа бэлдчихвэл тийм ч хэцүү зүйл тулгарахгүй шүү. За тэгээд хичээсэн бүхэнд амьдрал үргэлж аз жаргал бэлэглэдэг юм шүү. Хичээгээрэй.
-Ярилцсанд баярлалаа
Ц.Наранцацрал
Уншиж байна |