ХЭҮК-оос хоригдол Ц.Амгаланбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд ялтан Ц.Амгаланбаатарын ХЭҮК-оос хамгаалалт хүссэн бичлэгийг хүргэлээ.
Ц.Амгаланбаатарын зүгээс "Миний бие 1982 онд Эрдэнэт хотод төрсөн. 2004 онд таксины жолоочийн амь насыг бүлэглэн хөнөөсөн хэргээр 25 жилийн ял авсан. 25 жил одоогоор 20 жил болсон.
Ялаа эдлээд явж байх хугацаанд 2013 онд С.Зоригийн гэх хилс хэрэгт холбогдсон. Анх 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр Тагнуулынхан ирж "Чи С.Зоригийг алсан гэж хэл" гэж намайг дарамталж эхэлсэн. Би "Үгүй" гэсэн. Тэгээд зөндөө асуудалд унасан. "Хүүхдийг чинь ингэж ална шүү" гэдэг байсан. 2013 оны 11 дүгээр сар гэнэт миний хуучин эхнэр хүү хоёрыг маань дамжин дээр аваад ирсэн. Авчрангуутаа уулзуулаад гэр бүлийн зураг энэ тэр авч өгсөн. Дараа хүү маань ЭХЭМҮТ-д хэвтэж байхад зургийг нь үзүүлээд "Хүүгийн чинь дусал руу юм шахаад реакц өгсөн гээд алчих уу? Чи С.Зоригийн хэргээр тууштай явах юм уу" гэдэг шахалт, дарамт үзүүлсэн. Дараа нь эмэгтэй дүүгийн ажлаа тараад явж байгаа бичлэгийг нь үзүүлээд "Дүү охиныг чинь хэдэн залуучууд хээр очоод хүчиндээд, гясалдаа шиг шингэнээр мэдэгдэхгүй болгочихвол яах вэ? Чи С.Зоригийн хэргийг хүлээгээд цааш явах уу"гэдэг ийм асуудал тулгаж байсан.
Эрэгтэй дүүгийн маань зам хөндлөн гарч байгаа бичлэгийг үзүүлээд "Дүүг чинь аваараар алчих уу? Гарцгүй газраар явж байна. Дүүг нь алчихлаа гэхэд хэдэн төгрөгийн торгуульд унаад ял авахгүй сална ш дээ" гэх мэт шалгаанаар намайг дарамталдаг байсан. Дээрээс нь "Чи 25 жилийн ялтай ч шоронгоос гаргана. Хүүхэд болон аав ээж хоёр дүүг чинь алж газрын хөрснөөс арчихгүй. Чи Зоригийг алсан гээд мэдүүлэг өгчих юм бол чамайг үхсэн гээд гадаад улс руу гаргаж өгнө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн гарын үсэг зураад л болоо. Чиний паспорт энэ тэрийг бүрдүүлсэн байгаа. Хоёр жилийн өмнөөс үүний бүрдүүлдэг" гэж Тагнуулын Мөнхгал, Баяр гэдэг хоёр хүн хэлсэн.
Тухайн үед өөрсдийгөө Мөөгий, Боогий гэж надад танилцуулсан. Ингээд би С.Зоригийн хэргийн хэрэгтэн болж өгье. Ард гэрийнхнийг маань зүгээр орхичих гэсэн. Тэгээд С.Зоригийг алсан гэдэг яриа гаргасан. Содномдаржаа, Чимгээ хоёр Зоригийг алсан гэх яриаг би шууд гаргасан. Содномдаржаа Төв аймгийн Мөрдөнд байж байгаад долоо хоногийн дотор дарамт шахалтад ороод зам шалгалт гэгчээр Зориг гуайн гэрийн гадаа очоод хаалганаас адис аваад "Намайг уучлаарай Зориг гуай" гээд тэр орчнуудын бичлэг хийлгүүлсэн. Тэгээд "Зоригийг Амгаланбаатар Чимгээ бид 3 алсан" гэх мэдүүлэг өгчихсөн.
Тухайн үед хуурамч гэрч бүрдүүлсэн. Должинсүрэн гээд байгаа хүн чинь хуурамч гэрч. 18 жилийн дараа бид 3-ыг таньж мэдүүлэг өгсөн. 1998 онд Должинсүрэн гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө "Миний нэг нүд болор учраас тэр хүмүүсийг хараад танихгүй. Бат-үүл харуй бүрий болж байхад Зоригийг алуулсан цаг хугацаатай зэрэгцээд байрыг нь тойроод гүйж байсан" гэдэг мэдүүлэг өгсөн. Гэтэл 18 жилийн дараа Содномдаржаа бид 2-ыг шууд таниад зохион байгуулалттай хуурамч гэрчийн мэдүүлэгт орсон. Марууш гэдэг буудлын гэрчийг олсон. Намайг зам шалгалт гэдэг юмаар авч яван буудалд байсан газар болон хоёр давхрын өрөөнд хөгжим байсан одоо байхгүй болчихсон байна гэсэн юмнуудыг хэлсэн. Бид гурвын цус, үс гээд бүх баримтууд АНУ руу хүртэл шинжилгээнд явуулаад таараагүй. Зөвхөн Содномдаржаа бид хоёрын мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр ялласан.
Би Бат-Үүл, Элбэгдорж гэдэг хоёр хүнээс би айж байна. Яагаад айж байгаа вэ гэвэл энэ хэргийг 2018 оны 12 сард АТГ-ын комиссарт "Надад өмгөөлөгч авч өгөөчээ. Хуулиа дээдэлдэг, шударга өмгөөлөгч авч өгөөчээ. Миний бүх бичлэгийг цацаж өгнө гэвэл нотлох баримтын хүрээнд ярьж өгмөөр байна" гэсэн хүсэлт тавьсан. Үүний дараа Ширэндэв гэдэг прокурор надтай уулзсан. Тэр хүнд баярлаж явдаг. Надад өмгөөлөгч гээд хууль зүйн туслалцаа авах бүх юмыг хангаж өгсөн. Тэгээд гурван өмгөөлөгч надад томилсон. АТГ-аас мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахад нь одоогийнх шиг ингэж бичлэг хийсэн. Тэр үед нууцын юмнуудыг нотлох баримтыг хүрээнд хэлж өгсөн.
Түүний дараа Содномдаржаагийн өрөөнд орж шээлтүүрийг нь цацаж байгаа, Чимгээгийн өрөөнд нүцгэн орж "Зоригийг алсан гэж хэргээ хүлээ" гэж хэлж байгаа бичлэг цацагдсан. Намайг тэр хоёр луу 5, 10 минут болгоод оруулдаг. Миний талаар юу гэж цацагдсан талаар би мэдэхгүй. Хилс хэргээр зовж байгаа асуудал маань ард түмэнд үнэн зөвөөр хүрээсэй гэдэг үүднээс маш их зориг гаргаж 2018 аймагт "худлаа" гэж хэлсэн. Би хэлээгүй бол бид 3 алсан чигээрээ дуусах байсан. Бид 3 дарааллаад өвчнөөр гэдэг оноштойгоор үхэх байсан. Өнөөдөр Содномдаржаа Чимгээ хоёр маань гарчихлаа. Энэ хэрэг хэрэгсэхгүй болчихлоо. Хэрэгсэхгүй болсон гэдгийг зурагтаар үзсэн. Албан ёсны бичиг баримт надад ирээгүй. Талийгаачийн дүү Оюун гэдэг хүн зурагтаар "Энэ гурван хүний алаагүй гэдгийг мэдэж байсан юм. Худал хуурмаган дунд яваад яаж ч чадахгүй байдал үүссэн байсан. Одоо ингээд үнэн гарч ирлээ" гээд ярилцлага өгсөн байсан.
Нөгөө талд Ерөнхийлөгч байсан Элбэгдорж, Э.Бат-Үүл гуай, ял авчихсан байгаа Мөнхгал, Баяр, Хурц гуай, дээрээс нь УИХ дахь Ардчилсан намын хүмүүс гээд эсрэг талын хүчтэй хүмүүс байна. Шударга албан хаагч зөндөө байгаа ч энэ хоёр талын дунд би арчигдаад өнгөрөх байдал үүсэх гээд байна. Та бүхнээс амь насны минь эрсдэлийг анхааралдаа аваачээ гэж хүсэж байна. Би өөрөө хүнд хорлогдчих болов уу гэж айгаад хоёр сар усанд орсонгүй. Усанд ордог өрөө камерын хяналтгүй. 00 өрөөний хажуу талын теле камерын хажуу талын камерын өөдөөс харсан сандал дээр сууж өдрийг өнгөрөөдөг. Элбэгдорж гэдэг Ерөнхийлөгч байсан хүнээс би айж байгаа юм биш ээ. Э.Бат-үүл гэдэг хүнээс айж байгаа юм биш. Тагнуулын газарт С.Зоригийн хэрэг дээр хуурамч нотлох баримт бүрдүүлээд хуурамчаар яллахад оролцсон хүмүүс ажлаа хийж байна. Гүйцэтгэх ажил хийдэг, ар гэрийнхнийг маань ална гээд заналхийлж байсан, гүйцэтгэх ажил хийдэг, Чимгээгийн хашаан дотор цогцос хаясан залуучууд ТЕГ-т ажлаа хийж л байна. Би өнөөдөр нэг өдрийн өмнө ч гэсэн суллагдаад хэвлэлийн бага хурлаар бүх муу муухайг нь дэлгээд хамгаалалтад орчихвол энэ хүмүүс надад муу юм хийж чадахгүй байх гэсэн бодолтой байна" гэлээ.
Үүний дараа ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн "Бидний бичлэг хүргэж байгаа нь Эрүү шүүлтийн хор хохирлыг төр болон түүний албан тушаалтан олон нийтэд тайбарлан таниулах зорилготой" гэсэн юм.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.