Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан билээ.
Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Солонгос улсын залуучууд Монгол улсыг зорин ирэх тохиолдол эрс нэмэгджээ. Тэр дундаа хавар болон зуны улиралд хөтөлбөртэй аялалаар ирэх залуусын тоо нэмэгдсэн талаар "Yonhap" агентлагаас мэдээллээ.
Монгол орноор аялсан Сун Мин өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ. "Нэгдүгээрт "Монгол визгүй болчихсон болохоор очиход их хялбар байсан.Өмнө нь зөндөө Монголд очъё гэж боддог байсан ч боломж гардаггүй байсан л даа. Монгол улсын онгон догшин байгалийг мэдэрмээр санагдаад ямар ч эргэлзээгүй явмаар байсан. Монголын байгаль, тал хээр нутаг үнэхээр гайхалтай. Би их олон км цаадхыг хүртэл харах боломжтой байсан. Цээж дүүрэн амьсгална гэдгийг Монголд л мэдэрсэн. Хамгийн эхэнд найзуудтайгаа хамт хөтөлбөртэй аялалаар л явах сонирхолтой байсан. Эхлээд хаана юу байдаг эсэхийг хөтчөөрөө сайн заалгаж аваад, дараа жил харин аялал жуулчлалын компаниар дамжиж ирэхгүйгээр үүргэвчээ үүрээд л ирэх сонирхол байна даа. Монгол залуус их найрсаг, харин жаахан настай хүмүүс нь надаас зайгаа бариад тааламжгүй харилцаа үүсгэх гээд байсан. Хэнээс ч юм асуусан өөдөөс Солонгосоор хариулах гэж хичээж байгаа нь таалагдсан. Монголд залуу хүмүүс амьдрахад их хүндрэлтэй санагдсан шүү" гэсэн юм.
Өнгөрсөн онд манай улсад зөвхөн өнгөрсөн оны долоон сарын байдлаар нийт 121,741 гадаадын жуулчин ирсэн иржээ. Үүний 21913 нь БНСУ-ын жуулчин байжээ. БНСУ-ын жуулчдын хувьд зургадугаар сард 8841, долдугаар сард 13072 ирсэн байна. Энэ үзүүлэлт 2023 онд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаатай байгаа юм. Ингэхдээ жуулчид манай улсын эдийн засагт 122 сая ам.доллар төвлөрүүлсэн байна.
Монгол Улсаар аялсан Өмнөд Солонгосын контент бүтээгчид өөрсдийн "Youtube" сувагтаа аяллын бичлэгээ оруулж цахим орчиндоо цацсаар байна. Жишээ нь "Channel Korean Jay" гэх "Youtube" сувгийн Монголд аялсан влог нь 1.1 сая үзэлттэй байв. Энэ нь тус сувгийн нийт дагагчийн тооноос 2.6 дахин их байжээ. Түүний хувьд Улаанбаатар хот болон Орхон аймаг руу галт тэргээр яваад дараа нь Элсэн тасархай руу автобусаар аялсан тухай влог байсан юм.
Энэ мэтчилэн Солонгосын иргэдийн визгүй болгосноос хойш Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдсэнээс гадна Монгол улсын талаарх мэдээ мэдээлэл, байгаль орчин, хүмүүсийн хандлага гээд бүхий л зүйлсийг Солонгосын төдийгүй олон улсын залуучууд ихээр сонирхож байгаа нь олон талын давуу талыг бий болгож байгаа аж.