Англид хүмүүст сар бүр ямар нэг болзол тавилгүйгээр мөнгө өгч, улмаар энэ мөнгө тухайн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлөхийг судлах туршилт эхлүүлэхээр болжээ. Энэ талаар The Guardian мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ туршилтад 30 хүн оролцож, хоёр жилийн туршид сар бүр 1,6 мянган фунт стерлинг буюу монгол мөнгөөр 6,8 сая төгрөгтэй дүйх мөнгө авах аж. Туршилтад оролцож буй сайн дурынхны амьдралыг Autonomy судалгааны төвийн эрдэмтэд ажиглаж, сар бүр өгч буй мөнгө тэдний амьдралыг хэрхэн өөрчлөхийг судлах юм байна.
Түүнчлэн энэ туршилтын хүрээнд хяналтын бүлэг байгуулах бөгөөд энэ бүлэгт багтсан хүмүүст сар бүр мөнгө өгөхгүй, улмаар эдгээр хүмүүсийг мөнгө авч буй бусад хүмүүстэй харьцуулан судлах гэнэ. Төсөлд оролцох хүмүүсийг сайн дурынхнаас санамсаргүй түүврийн аргаар сонгоно, гэхдээ оролцогчдын 20 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэж эрдэмтэд мэдэгджээ.
Туршилтын үеэр хүмүүст өгөх мөнгө нь англичуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага зэрэг илүү байгаа юм. 2023 оны эхээр англичуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,5 мянган фунт байжээ. Судалгааны төвийн захирал Уилл Стронгийн өгүүлснээр, тогтмол мөнгө авах нь хүмүүс ажиллаж байгаа эсэхээс үл хамааран тэдний сэтгэлзүй болон бие бялдрын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг судлаачид тогтоох зорилготой гэнэ.
Энэ төрлийн төслүүд Их Британийн бусад бүс нутагт ч хэрэгждэг. Тухайлбал, Уэльст засгийн газар эцэг эхийнхээ халамжаас гарч буй залууст сар бүр 1,6 фунт олгодог аж. Бие даан амьдрахад нь туслах энэ дэмжлэг хоёр жилийн турш үйлчилдэг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |