Өмнөд Солонгосын Жэжү хотод соёлын арга хэмжээнд оролцох Монголын төлөөлөгчдийн дунд багтсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбат бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан талаарх мэдээллийг Өмнөд Солонгосын KBS суваг өчигдөр дамжуулсан.
Мөн өдөр Өмнөд Солонгосын Joongang хэвлэл энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Мандал сумын орлогч дарга 40 настай Л.Мөнхбат Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан, 20 настай эмэгтэй Б-г Жэжү хотын зочид буудалд, шөнийн 01:00 цаг орчимд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэж Жэжү хотын Цагдаагийн газар мэдээлсэн байна.
Мандал сумын засаг даргын орлогч тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд тэрбээр Жэжүд болсон тоглолтын дараа бусдын хамт зочид буудалд орой хооллож, согтууруулах ундаа хэрэглэжээ. Ингээд орчуулагч бүсгүйг хүчирхийлсэн бөгөөд хохирогч эмэгтэй буудлын өрөөнөөс зугтаж, зочид буудлын ажилтнаас тусламж хүссэн байна. Улмаар дуудлагын дагуу ирсэн цагдаагийн ажилтнууд Л.Мөнхбатыг баривчилжээ.
Жэжү хотын шүүхээс сэжигтнийг оргон зайлж болзошгүй гэж үзсэн тул баривчлан саатуулах шийдвэр гаргасан байна. Тэрбээр соёлын арга хэмжээнд оролцсон Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн Жэжүд ирсэн бөгөөд энэ арга хэмжээн дээр шагнал хүртсэн гэж эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн