Британийн Queen рок хамтлагийн гоцлооч Фредди Меркьюригийн ноорог дундаас "Bohemian rhapsody" дууны нэрний анхны хувилбар бичигдсэн байжээ. Энэ талаар NYT мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Sotheby's дуудлага худалдааны газарт худалдаанд тавьсан Меркьюригийн ноорог дээр энэ дууг "Mongolian rhapsody" хэмээн бичээд, "монгол" гэсэн үгийг дээр нь харандаагаар зурж дарсан байсан гэнэ. Энэ дууг 1975 онд бичсэн бөгөөд "Монголын" гэх үг орсон нэрний хувилбар гагцхүү энэ ноорог дээр л үлдсэн байна.
Queen хамтлагийн намтрыг албан ёсоор бичдэг зохиолчдын нэг болох Жим Женкинсийн өгүүлснээр, тэрбээр Меркьюриг олон жил мэддэг ч "Mongolian rhapsody" гэх нэр өгөх гэж байсан талаар өмнө нь огт сонсож байгаагүй гэнэ. Мөн Меркьюри дууныхаа нэр, шүлгийн талаар тайлбарлах дургүй байсан гэж тэрбээр онцолжээ.
"Тэр өөрөө огт тайлбарладаггүй. Хүмүүс хүссэнээрээ ойлгог гээд үлдээдэг" байсан хэмээн Жим Женкинс өгүүлжээ.
Дууны шүлгийн бусад мөрнүүдийн тухайд гэвэл өдгөө дэлхий даяар мэддэг шүлэгтэй адилхан, гэхдээ зарим нэг мөрийг өөрчилсөн байсан гэнэ. Тухайлбал, "Mama Just killed a man" буюу "ээж ээ, би дөнгөж сая хүн хөнөөчихлөө" гэдэг мөрний оронд "дайнд явахаар бэлдэж байна" гэсэн мөрт байсан аж.
Меркьюригийн дууны шүлгийг бичсэн гар бичмэлийн дуудлага худалдаагаар 1,2 сая доллараас эхлэн дуудахаар төлөвөлж байгаа гэнэ. Энэ гар бичмэлээс гадна Меркьюригийн 1,5 мянган эд зүйлийг дуудлагаар худалдах бөгөөд эдгээрийн дунд дуучны хувцас, цуглуулгад нь байсан урлагийн бүтээлүүд багтаж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн