Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран, автомашингүй өдөр буюу зургаадугаар сарын 3-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тэмцээн өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж буй. Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой.
Иргэд спортоор хичээллэхийн ашиг тусыг үр хүүхдэдээ үлгэрлэн харуулж, хамтдаа гүйж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх нөхцөлийг бүрэн бүрдүүлэхээр төлөвлөж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. Мөн гүйлтийн зам дагуух тохижилтод анхаарч зам болон км-ийн тэмдэглэгээ, сайн дурынхны ус тараах хэсэг, бариа хэсэгт зураг авах цэг байгуулах аж.
Энэ жилийн хувьд, өдөрлөг хэлбэрээр буюу өмнөхөөсөө өргөн хүрээнд болж байгаа тул иргэд заавал гүйлтийн тэмцээнд оролцохгүйгээр бусад төрлийн арга хэмжээнд оролцож, гэр бүл, найз нөхдөөрөө цагийг зөв боловсон, зугаатай өнгөрүүлэх боломжтой юм.
Уншиж байна |