УИХ өнөөдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулахаар болж байгаа юм.
ҮХНӨ-ийн төслийг баталсантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд ҮХНӨ-ийн төслийг санаачлагчийн хувьд талархал илэрхийлье. Үндсэн хуульд орж байгаа сонгуулийн тогтолцооны асуудал нэг өгүүлбэр боловч суурь реформ хийгдэж байна гэж ойлгож байна. Энэ бол шинэ 30 жилийн цоо шинээр эхлүүлэх ШИНЭ ТОГЛООМ ДҮРЭМ гэж ойлгож болно.
Улстөрийн намууд эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсдөдөө зориулан тоглоомын дүрэм зохиодог алдаа энд хүрээд цэг тавигдлаа. Цаашид энэ тоглоомын дүрмээр дараа дараагийн сонгуульд оролцоно. Нэг гишүүнд ногдсон эрх мэдлийн төвлөрөл өнөөдрийн санал хураалтаар цэг тавигдаж байна. Хууль тогтооход нэг гишүүн хоёр гурван байнгын хороонд давхар ордог, хууль хяналтгүй батлагддаг асуудал түүх болж байна. Цаашид нэг парламентын гишүүн нэг л байнгын хороонд ордог байх реформ хийгдлээ. УИХ-ын гишүүн байх нь өөртөө давуу байдал олгох асуудал эцэс боллоо. УИХ, Засгийн газар өнгөрсөн 30 жилийнхээ алдааг дүгнэж шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө явж байна. Олон алдаа завхрал, ололт амжилт бий. Сайныг сайнаар мууг муугаар ил тод болгоод явж байна. Шинэ тоглолтыг дүрэм руу орж байна.
УИХ-ын гишүүдээс эр зориг, алсын хараа шаардсан хүн хэцүү өдрүүд байлаа. Энэ асуудал олон удаа яригдсан ч шийдэгдэж чадаагүй 20-иод жил болсон. Цар тахалтай, дайн тулаантай нөхцөл байдлын дундуур энэ парламентын хийсэн түүхэн реформ түүхэнд үлдэнэ гэдэгт гишүүд та бүхэн итгэлтэй байж болно.
Засгийн газраас өргөн барьсан төслөөр гишүүдийн тоог 152 болгож төлөөлөх эрхийг хоёр дахин нэмэгдүүлэх байсан. Ардчилсан намдаа хүндэтгэлтэй хандаж, АН-ын ҮБХ-ны шийдвэрийн дагуу 126 гишүүнтэй болох зөвшилцөл хийгдсэн. Ардчилсан энэ асуудлуудыг санаачилж дэвшүүлсээр ирсэнд талархал илэрхийлье. Энэ бол та бүхний манлайлал, дэвшилттэй үзэл баримтлал парламент дээр хэлбэржиж байна. ХҮН намд талархал илэрхийлье. Бидний хувьд нийгмийнхээ захиалга, ирээдүйг мэдэрч, аливаа асуудалд хүлээцтэй, цөөнхтэй хүндэтгэлтэй хандах зөвшилцлийн хүрээнд ҮХНӨ-ийг хийж байна.
Жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу МУ орж байна. Нийгмийн сегментүүд рүү хандсан өөрчлөлт гарна. Хилийн чанадад байгаа Монголчуудын төлөөлөл парламентад орж ирэх, саналаа өгөх, ХБИ олноороо парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байна. Энэ бол гагцхүү намуудын бодлогоос хамаарна. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх үүд хаалга нээгдэж байна. МАН социал-демократт үзэл баримтлалтай намын хувьд багш, эмч нар болон шинжлэх ухаан, соёлын салбарыг илүү чухалчилна. АН лебериал үзэл баримтлалтай намын хувьд хувийн хэвшил, хүний суурь эрхтэй холбоотой олон төлөөллийг оруулж ирэх үүд хаалга нээгдэж байна. ХҮН нам сэхээтний давхрагыг төлөөлж байгаа шинэ улстөрийн хүчний хувьд маш том хэмжээний үүд хаалга нээгдэж байна. Парламентад суудалгүй байгаа намуудад бодитой шударга өрсөлдөөний үүд хаалгыг нээж өгч байгаагаараа онцлоготой юм. Парламентад малчдын, гэр хороололд амьдарч байгаа иргэндийн төлөөлөл орж ирэх нөхцөл бүрдэж байна" гэлээ.
П.ГОО