Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “2023 оны төсөвт тодотгол хийх асуудал шийдэгдэж, УИХ-д өргөн барихаар боллоо.
2020 онд Монгол Улсын эдийн засаг -4.6 хувьд хүрч, уналтад орж байсан. Энэ бол 1992 оноос хойш Монгол Улсын эдийн засаг анх удаа бий болсон үзэгдэл байсан. Засгийн газар эдийн засгийн талаар оновчтой арга хэмжээ авсны үр дүнд 2022 онд +4.8 хувь болж, эдийн засаг өссөн. Өмнөх оноос 10 орчим хувийн бодит өсөлтийг бий болголоо.
2022 оны намар эдийн засаг хүндхэн, гадаад дотоодын өрийн дарамт бий болсон нөхцөл байдалтай байсан. Засгийн газраас валютын орлогыг нэмэгдүүлэх, экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг нэмэгдүүлэх чиглэлийг барьж ажилласан. Үүний үр дүнд 2022 оны IV улиралд эдийн засагт огцом өөрчлөлт гарч, гадаадын томоохон өрийн дарамтаас гарах нөхцөлийг бий болгосон.
2023 оны I улиралд төсвийн орлого давж биелсэн. Эхний дөрвөн сард эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй байна. Энэ 7.9 хувийн өсөлт нь Азид тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт юм. Үүнтэй холбоотойгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн.
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд төсвийн орлого даван биелсэн учраас төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газар өнөөдөр эцэслэн гаргалаа. Энэ бол энэ оны I улиралд нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин нэмэгдсэний үр дүн юм" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн байна. Энэ хуулийн өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрд ажиллах боломжийг илүү хялбаржуулах зохицуулалт орж байгаа аж. Төрд ажиллах шалгуур дөрвөн жилийн хугацаатай байвал хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хоёр жилийн шаардлага тавих зохицуулалтыг хийжээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |