МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Засгийн газрын гишүүд эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Тус бүлэг 2023 оны төсвийн тодотголыг ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгэж, өнөөдөр эцсийн байдлаар намын бүлэгтээ танилцууллаа. Намын бүлэг дэмжсэн шийдвэр гаргалаа. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар тоонуудаа эцэслэж, хэлэлцэнэ. Ингээд маргаашдаа багтаж, УИХ-д 2023 оны төсөвт тодотгол хийх саналаа өргөн барина.
Өнөөдөр бүлгийн зүгээс хэд хэдэн зарчмын асуудалд дэмжлэг үзүүлэх шийдвэр гарлаа. Үүнд:
-Хүүхдийн мөнгөний асуудал байна. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Ингэхдээ энэ оны 01 дүгээр сараас хойших мөнгийг нөхөж олгох чиглэл гарлаа.
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжид ч хөдөлгөөн хийхээр тогтлоо. Энэ удаа хавтгайруулан нэмэгдүүлэхгүй. Харин өнөөдрийг хүртэл бий болсон тэтгэврийн зөрүү, тогтолцооны гажуудал бүхнийг цэгцэлнэ. Суурь тэтгэвэр, тэтгэмж, цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулна.
Эдгээр өөрчлөлтөд 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай болж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асран халамжилж байгаа эцэг эхчүүдэд олгодог 288 000 төгрөгийн халамжийг 325 000 төгрөг болгоно. Асаргаа сувилгаа хийх шаардлагатай хүүхдийг хардаг эхчүүдэд очдог 83 000 төгрөгийн тэтгэмжийг 255 000 болгон нэмнэ. Зорилтот бүлэгт нийтдээ 90 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол хийгдэнэ.
Цалинг 07 дугаар сарын 01, 10 дугаар сарын 01 гэсэн үе шаттай нэмнэ. Эхний ээлжинд соёл, спортын салбар, нийтлэг үйлчилгээний ангиллын төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт орно. Бусад төрийн албан хаагчдын цалинг 10 дугаар сарын 01-нээс нэмнэ.
Өнгөрсөн онд Засгийн газар макро тогтолцоог сайжруулах, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах хатуу бөгөөд шийдэмгий арга хэмжээг авсан. Үүний үр дүнд 2022 оны төсвийн баланс 1.5 их наяд төгрөгөөр сайжирсан. Төсвийн алдагдал буурсан, Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн, төлбөрийн тэнцэл 50 хувиар буурсан. Энэ жил 36 сая тонн нүүрс гаргана гэж байсан бол эхний улиралд бараг 20 сая тонныг гаргаад байна. Нийт төсвийн орлогын 36 хувь нь эхний улиралд биелээд байна. 337 тэрбум төгрөгийн давсан орлоготой байна. Үүнийгээ цаашид хадгалах нь чухал байна" гэсэн мэдээллийг өглөө.
Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын хамгийн бага цалин 565 000 төгрөг байгаа. 07 дугаар сарын 01-нээс 750 000 төгрөг болж нэмэгдэнэ. 10 дугаар сарын 01-нээс төрийн захиргааны албан хаагчдын суурь цалинг нэг сая төгрөг болгон нэмнэ. Төрийн тусгай албан хаагчдын цалин ч нэг сая төгрөгт хүргэнэ.
Тэтгэврийн итгэлцүүрийг нэмэхээс гадна инфляцитай уялдуулан бүх ахмадуудын тэтгэврийг 10 хувиар нэмэгдэнэ гэдгийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээллээ.
Б.Хэрлэн