БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон нэр бүхий хүмүүсийг улсад 360 тэрбумын хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгуулахаар О.Сийлэгмаа АТГ-т хандаж, мэдээлэл хийлээ.
Түүний зүгээс "2010-2020 онуудад хэрэгжсэн Боловсролын зээлийн сангийн хөтөлбөрт 421 суралцагч хамрагдсан. Үүнээс 93 хувь зөрчилтэй байсан. Тухайлбал, тэргүүлэх бус мэргэжлээр суралцсан, ТОП 100 багтаагүй сургуульд элссэн гэх мэт. Иймээс өмнө олгогдсон зээлийг эргэн төлүүлэх ажлыг хийх хэрэгцээ шаардлага тулгарсан. Харъяа дээд удирдлага, БШУ, бусад удирдлагуудаас "Үүнийг битгий хөнд, чиний халааснаас гарч байгаа юм уу" гэх мэт харилцааны дарамт ирсэн. Ингээд ажлаас халагдсныхаа дараа буюу 2022 оны есдүгээр сараас эхлээд олон нийтэд хандаж эхэлсэн.
Шүгэл үлээсэн асуудлын маань үр дүн гарч байгаад таатай байна. Хууль бусаар олгогдсон зээлийг төлүүлэхэд тодорхой үр дүн гарч байна. Боловсролын зээлийн сангийн хөтөлбөртэй холбоотой шийдвэрийг сайдууд гаргадаг. Иймээс хууль бусаар улсад их хэмжээний хохирол учруулсан асуудлуудтай холбоотой шийдвэр гаргасан нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг хянаж үзэж, шийдвэр гаргаачээ гэх хүсэлтийг АТГ-т гаргаж байна.
Мөн зээл тэглэх Сайдын тушаал нь хүчин төгөлдөр бус гэж иргэний зүгээс үзсэн учраас энэ шийдвэрийг гаргасан үе үеийн сайд нар, одоо Боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж байгаа Д.Гарди, БШУ-ын сайд асан Л.Цэдэвсүрэн нарын албан тушаалтнуудыг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг шалгуулахаар АТГ-ын гадаа ирээд байна" гэлээ.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Таныг буцаагаад үүрэгт ажилд нь томилохыг Л.Энх-Амгалан сайд үүрэг болгосон. Та ажилдаа орох уу?
-Боловсролын зээлийн санд миний ажиллаж байсан хэлтэс татан буугдсан. Байхгүй болсон албан тушаал дээр томилогдохыг хүссэн гэсэн үг. Мөн тэр багийн эсрэг шүүхдэх асуудал бий болсон байхад харилцааны хүндрэл учирна гэж үзээд ТАТГАЛЗСАН.
-Таны зүгээс өмнө нь АТГ болон ҮАГ-т хандсан байсан юм билээ?
-2022 оны долдугаар сарын АТГ-т Ерөнхий сайдын тэтгэлгийн асуудлаар баримттайгаар хандсан. Тухайн үед АТГ-аас хүмүүс уг асуудал дээр ажиллаад нэлээн чамбай зөвлөмжийг ЗГХЭГ болон БШУ-ны сайдад хандаж хүргүүлсэн юм билээ. Тэнд багагүй зөрчил тусгагдсан байна лээ.
-Танд ямар нэг дарамт, шахалт ирж байна уу?
-Танихгүй дугаараас залгаж байна. Өнөөдрийн энэ үйл ажиллагааг зогсоогооч гэдэг үйлдлүүд гарч байна. Би утас болон цахим сүлжээнд хариу өгөхгүй байгаа. Зөвхөн миний нэр дурьдагдаж, онцолсон асуултад л хариулт өгч байна. Миний хөндсөн асуудалд үр дүн гаргая гэж хүсэж байгаа бол УЛСТӨРЖҮҮЛЭЛГҮЙ, ШҮГЭЛ талаас нь харж өгөөрэй гэж хүсэж байна.