Хүн амынх нь 36 хувь нь илүүдэл жинтэй болсон АНУ-д илүүдэл жинтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалах хууль баталжээ. Энэ талаар Ассошейтед Пресс агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, биеийн өндөр, жингээр ялгаварлан гадуурхахыг хориглох тухай захирамжийг Нью-Йорк хотын дарга Эрик Адамс гаргажээ. Энэ шийдвэр 2023 оны 11 дүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх аж.
Захирамжийн дагуу, Нью-Йорк хотын оршин суугчдыг ажилд авахдаа биеийн өндөр жингээр ялгаварлах, бусад асуудал дээр ялгаварласан байдлаар хандахыг хориглосон байна. Ингэснээр "олон талт, амьд орон зай бий болгох боломжтой" гэж хотын дарга үзжээ.
"Бид бүгдээрээ гадаад төрхнөөсөө үл хамааран ажил эрхлэх, орон сууцаар хангагдах тэгш хүртээмжтэй байх эрхтэй. Эдгээр асуудал дээр хүний жин, өндөр огт хамаагүй" хэмээн Эрик Адамс мэдэгджээ.
Хэдийгээр ажилд авахад биеийн өндөр, жинг харгалзахыг хориглосон ч ажилд горилогчийн өндөр, жин тухайн ажлыг гүйцэтгэхэд саад болох шалтгаанаар ажилд авахаас татгалзсан бол үүнийг ялгаварлан гадуурхсанд тооцохгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |