Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. Баярын өдөр ойртох тусам дэлгүүрүүд хүүхдэд зориулан хүнсний бараа бүтээгдэхүүнээ боож савлан худалдаанд гаргахад бэлддэг. Энэ жилийн тухайд бол цар тахлын дараах хүүхдийн баяр болох тул орон даяараа өргөн дэлгэр нэгэн өдрийг өнгөрүүлэх биз ээ.
Сүүлийн жилүүдэд бэлэн боосон бэлэгт хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангаагүй болон зарагдахгүй бүтээгдэхүүн хийж худалдаалах тохиолдол их болсон. Иймд худалдан авагчид бэлэн бүтээгдэхүүн цуглуулан өөрсдөө бэлэг боох явдал элбэг болсон. Бид томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдээр хүүхдийн бэлгийн үнэ, дотор нь юу юу багтсан байгааг болон өөр ямар бэлэг сонгож болох талаар зөвлөгөө, сэрэмж болгохыг зорилоо.
Бөмбөгөр худалдааны төвөөр урьдын л адил улиг болсон эрээн цаастай чихэр шоколадыг гялгар уутанд төрөл бүрээр нь багцалж, боожээ. Гаа, жүүс, шоколад, модтой чихэр, вафли, бохь, алины нухаш, чокопай, чипс, резинэн чихэр, шагшуурга, компот зэрэг үнээсээ хамаараад тоо ширхэг, хэлбэр хэмжээ нь өөр, өөр бүтээгдэхүүн орсон бэлгүүд зургаан мянган төгрөгөөс 30 мянган төгрөгт савласан байв.
Харин “Номин” их дэлгүүрт хараа булаам зурагтай том бэлгийн багц 29 мянган төгрөгөөс эхэлж байна. Мөн л чихэр, жигнэмэг, шоколад, гаа, шагшуурга, жүүс, компот, бохь зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байв. Баярын уур амьсгал орж эхэлжээ. Бэлэг сонгохоор ирсэн хүмүүс ч мэр сэр харагдана. Зарим нь дуртай зүйлсийг цөмж аваад нийлүүлж бооё гэхэд зарим нь бэлэн боосон бэлэг авахыг илүүд үзэж байв.
Залуухан хос “Бид нэг хүүтэй. Чихэр жимс гэхээсээ илүүтэй, тоглоом авч өгнө гэж бодож байна. Ах дүү нарын 10-аад хүүхэд бий. Тэдэндээ бэлэг бэлдэж явна. Гэхдээ айлын хүүхдүүд чихэр жимс идээд байхаар манай хүүхэд барьцах болохоор авч өгөхгүй гээд яах билээ. Хүүхдүүдэд чипс өгмөөр байвал ааруулан чипс өгье. Чихрийн оронд хорхой ааруул, хатаасан жимс, самарнууд өгч болно. Самар идсэн хүүхдийн уураг тархи, оюуны хөгжил сайн явагддаг. Бид цэцгэндээ ус өгдөг хэрнээ хүүхэддээ яагаад ундаа өгнө вэ" хэмээн инээмсэглэв.
Чипс өгмөөр байвал ааруулан чипс өгье. Чихрийн оронд хорхой ааруул, хатаасан жимс, самарнууд өгч болно. Самар идсэн хүүхдийн уураг тархи, оюуны хөгжил сайн явагддаг. Бид цэцгэндээ ус өгдөг хэрнээ хүүхэддээ яагаад ундаа өгнө вэ.
"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал" үндэсний V судалгааны тайланд сургуулийн бага ангийн дөрвөн сурагч бүрийн нэг нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай, тав хүртэлх насны найман хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаа тухай дурджээ. Энэ нь хүүхдийн биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөтэй эрсдэлт зан үйл хүн амын дунд бага наснаас эхлэн түгээмэл буйг гэрчлэх бөгөөд хот суурин газрын таргалалттай хүүхдийн тоо хөдөө орон нутгийнгаас зургаа орчим хувиар илүү байгаа юм.
Мөн 6-11 насны хүүхдүүдийн дунд хийжүүлсэн ундаа болон чихэрлэг цайны хэрэглээ харьцангуй түгээмэл, нийт хүүхдийн 81 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа эрүүл бус ундааг хэрэглэдэг бөгөөд бялуу, жигнэмэг, нарийн боов зэрэг амтлаг хүнс, чипс, шаржигнуур гэх мэт шарж бэлдсэн зуушийг сургуулийн маш их хэрэглэдэг, 99 хувь нь эдгээр бүтээгдэхүүнийг долоо хоногт багадаа л нэг удаа иддэг гэсэн судалгааны дүгнэлт байдаг.
Иймд та хүүхдээ баярлуулахын тулд заавал дуртай гэсэн амттан бүрийг нь авч өгөх гэлгүйгээр илүү эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Учир нь ашиггүй сахар, хэт их чихрийн хэрэглээнээс үүдэн хүүхдийн тань шүд цоорох, хий цадаж хоолны дуршилгүй болох, улмаар амин дэмийн дутагдалд орох, донтолтын улмаас харшил үүсэх, анхаарал төвлөрөх чадвар нь буурах зэрэг сөрөг үр дагаврыг араасаа дагуулдаг байна.
Гадны хөгжингүй орнуудад хүүхдүүддээ амттанаар дүүрэн бэлэг өгөхөөс аль болох зайлсхийдэг байна. Тэд ихэвчлэн үр хүүхдэдээ ямар зүйл хэрэгтэй байгааг урьдчилан судалчихсан байхаас гадна өвлийн өвгөнд бичсэн захианаас нь мэдчихдэг байна. Энэ нь хүүхэддээ ч тэр эцэг, эхчүүдэд ч тэр зөв сонголт хийх хамгийн хялбар арга байж болох юм. Ер нь заавал амттан гэлтгүй дуртай хувцас, сонирхол татахуйц тоглоом, бөмбөг, ном соёлын төрөл бүрийн зүйлс бэлэглэж болно шүү дээ.
Уншиж байна |