Гүржийн Georgian Airways компани Орос руу хийх аяллын чиглэлүүдээ сэргээхээр болсны дараа тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурабишвили компанийн энэхүү шийдвэрийг шүүмжилжээ. Харин үүний хариуд агаарын тээврийн компани Ерөнхийлөгчийнхөө эсрэг бойкот зарласан байна.
"Хатагтай Саломе үндэсний агаарын тээврийн компанидаа бойкот зарлалаа. Бид түүнийг персона нон гратай хэмээн зарлаж байна. Тэр Гүржийн ард түмний өмнө уучлалт гуйхаас нааш бид түүнийг онгоцондоо оруулахгүй" хэмээн компанийн мэдэгдэлд өгүүлснийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Georgian Airways компани ийнхүү эсэргүүцэх болсон нь Гүржийн Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотой. Ерөнхийлөгч Саломе Зурабишвили мэдэгдэл хийхдээ энэ компаниар үйлчлүүлэхгүй байхыг иргэддээ уриалж, өмнөх дэглэмийн үе шиг, төрийн мөнгийг хувийн ашиг хонжоо олоход ашиглаж байна гэж агаарын тээврийн компанийг буруутгаж байв.
Georgian Airways компани дөрвөн жил завсарласны эцэст тавдугаар сарын 20-ны өдөр Москвагийн нисэх буудалд газардсан юм. Агаарын тээврийн компани Орос руу хийх нислэгээ сэргээсэн нь Гүржид эсэргүүцэл дагуулсан. Гүржийн Шот Руставелигийн нэрэмжит нисэх буудлын гадпна олон зуун хүн цуглан, "Орос бол алан хядагч улс", "Оросын онгоц чөтгөррүүгээ тонил" зэрэг бичиг барин жагссан юм. Энэ эсэргүүцлийн үеэр хэд хэдэн хүн баривчлагджээ.
Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын агаарын тээврийн компаниуд Гүрж рүү нислэг үйлдэхийг хориглосон шийдвэрийг тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цуцалсны дээр Гүржийн иргэдийг визгүй зорчуулахаар болсон юм. Харин үүнийг Гүржийн Ерөнхийлөгч "улс төрийн зөрчилдөөн үүсгэх өдөөн хатгалга" хэмээгээд Оросын иргэдийг Гүрж рүү визтэйгээр нэвтрүүлэхийг санал болгож байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |