УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Малчид арилжааны банкнаас зээл авахад малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байхыг шаардаж байна. Энэ бол сайн дурын даатгал биз дээ. Мөн худалдаа эрхэлж байгаа иргэдийг заавал тайлан гарга гэж шахаад байгааг болиулах боломж байгаа юу? Орон сууц, цалингийн зээл авсан иргэд графикийн дагуу төлөх гэхээр үндсэн зээл төлөгдөхгүй, хүү төлөгдөөд байгаа асуудалд анхаарах боломж байгаа юу? Ажил орлогогүй 30-50 насны суманд байгаа иргэдийг орлоготой, ажлын байртай болгох асуудалд анхаарах шаардлагатай байна.
Сангийн сайд Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн асуултад хариулъя. Та ойрд Засгийн газрын хуралдаандаа суугаад л байгаа, таслаагүй. Та бид хоёр цуг энэ төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барьсан. Таны асуултад төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой нэг ч зүйл алга. Та өөрөө Засгийн газрын нэрийн өмнөөс иргэд сонгогчдод хариулт өгөх бүрэн боломжтой.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Би Засгийн газрын гишүүнээ мэдэж байна. Өргөн барьсан төслөө ч мэдэж байна. Тийм учраас төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой юм яриагүй ш дээ. Хөдөөгийн иргэдийн саналыг Сангийн яамны бүрэлдэхүүн орж ирсэн учраас хэлэх эрхтэй шүү дээ. Засгийн газрын гишүүн юу ч дуугарч болохгүй гээд байж болохгүй. Малын индексжүүлсэн даатгал, Монголбанкны зээлтэй холбоотой асуудлыг ярих л хэрэгтэй шүү дээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Яаралтай тусгай чуулган хуралдуулах шаардлагатай байна. Ерөнхийлөгч, холбогдох албаныхан сууж байгаад өнөөдрийн тулгамдаж байгаа асуудалд гарц, шийдэл гаргамаар байна. Хаваржилт хүндэрсэн. Цалин тэтгэврийн асар их зөрүү гарсан. Улсад огт ажиллаагүй мөртлөө тэтгэвэр нь 500 мянгад хүрсэн зөрүү байна. Бараа бүтээгдэхүүний үнэтэй холбоотой асуудлыг ярьмаар байна. Гурилын үйлдвэрүүд гурилын үнээ нэмчихээд огт санаа зовохгүй сууж байна. Үүнийг шалгадаг байгууллага байна уу? Хэдхэн ААН-үүд УИХ-аас татаас өгөх шийдвэр гаргахыг хүлээгээд л суудаг боллоо.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Төсвийн хүрээний мэдэгдэлтэй танилцлаа. 2023 оны зарлага анх удаа 20 их наядын босго давсан байна. Энэ бол 2017 оны зарлагыг гурав үржүүлжээ. Цалин тэтгэврээ нэмснээрээ зарлага ихсээд байна гэж ойлгож болохгүй. Үр ашиггүй зарлагыг багасгах ёстой. Ордонд өдөр бүр нэг том чуулган болдог. Үүний өртөг маш их. Энэ мэт зарлагаа хасах ёстой. Манай улс гайгүй орлого олоод ирэхээр нь бүгдийг нь зарцуулдаг. Уул уурхайгаас хамааралтай улс ингэж болохгүй Ирээдүй өв гэх мэт сангуудад хуримтлал бий болгох ёстой төсвийн нөхөөс хийсээр байна. Биржээр нүүрс борлуулах явцад гарах эрсдлээ хэрхэн тооцсон бэ? Өрийн хавхнаасаа хурдан мултрах вэ? Ард иргэдийн нуруун дээр байгаа татварыг багасгах уу? НӨАТ, ААН-ийн татвар багасах уу? Бүх хүмүүс гадаад гарахыг хүсэж байна. Ажил хийсэн ч ядуу амьдарч байна.