Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд цом, өргөмжлөл гардуулах ёслолд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгээс онцолж байна.
Монгол Улсын ДНБ-ий 74 хувийг бүрдүүлж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрхэм баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, Шилдэг-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл Та бүхэндээ, Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье
2020 онд хасах 4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар даван биелж, валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч ханш тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарч, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ.
Нэн эгзэгтэй цаг үед ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эдийн засаг хэдийгээр сэргэж эхэлж байгаа боловч үнийн өсөлт Та бидний хамтын дарамт байсаар байна. Инфляц 11.3 хувьтай буюу хоёр оронтой тоонд хэвээр хадгалагдаж байгаагаас шалтгаалж, Монголбанк бодлогын хүүгээ 13 хувьд барьж байна.
Тиймээс цар тахлын хүндрэлийг хамтын хүчээр даван туулсан шиг, үнийн өсөлтийг багасгах үйл хэрэгт “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж” Та бүхнийг хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Монгол Улсын Засгийн газар 30 жилийн хугацаанд төрийн албанд бугласан авлигын голомтыг тасалж, жам ёсны бизнесийн чөлөөт өрсөлдөөн, гадаад хөрөнгө оруулалтын таатай орчин, олон улсын итгэлцлийг бий болгохын төлөө хичээсээр байна.
Засгаас газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаар улстөрч, болон төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдал таслан зогсож, энэхүү орон зай хувийн хэвшлийнхэн Та бүхэнд чөлөөт өрсөлдөөний орон зай болж очих болно.
Төр өөрөө ресторан, зоогийн газар, амралт сувиллын газар ажиллуулж, хувцас оёж, машин засахаас эхлээд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна.
Төрийн хэмнэлтийн хуулиас эхлээд Төрийн ордонд GS25 ажиллаж байгаа зэрэг олон шүүмжлэл дагуулж байгаа ч энэ бол зөв хандлагын эхлэл юм.
Төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, онгоцны нислэгийн менежментийг дэлхийн түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энд ондоо багтаан зохион байгуулах болно.
Шилдэг-100 аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтад төрийн өмчит компаниудыг оролцуулж, хувийн хэвшилтэй өрсөлдүүлэхийг Ерөнхий сайдын хувьд татгалзсан.
Өнөөдөр шилдэг 100 аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтад анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарыг бодлогоор дэмжихийг эрмэлзлээ.
Бид хоорондоо биш дэлхийтэй, хийрхлээр биш хиймэл оюун ухаанд суурилсан урт хугацааны шийдлээр, хоосон амлалт, худал популизмаар биш, үнэн байдал, прагматик чиг хандлагаар л богино хугацаанд хөгжиж чадна.
Дэлхийн хөгжингүй улс орнууд, Азийн баруудын үсрэнгүй хөгжлийн гарааны эхлэл цэг нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.доллар байсан билээ.
Бид 5000 ам.долларт хүрлээ. Одоо хамтдаа ганцхан том алхах үлдсэн.
Эдийн засгийн өсөлтөө жил бүр 8-10 хувьд хадгалахын төлөө, экспортоо төрөлжүүлэн хөгжүүлэхийн төлөө, валютын нөөцөө таван тэрбум ам.долларт хүргэхийн төлөө, төлбөрийн тэнцлээ жил бүр эерэг байлгахын төлөө, үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барихын төлөө, 50 их наядын эдийн засгийн эргэлтээ 100 их наядад хүргэхийн төлөө, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 ам.долларт хүргэхийн төлөө иргэд, аж ахуйн нэгж, төр засаг хамтдаа өглөө бүр эртлэн босч, өдөр бүр идэвхитэй ажиллацгаая.
Уншиж байна |