ДБЭТ-ын уран бүтээлчид цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг Соёлын яаманд хүргүүлэхээр тайван жагсаал хийж байна.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Уянга
Бид яамандаа цалингийн асуудал, театр уналтад орж байгаа нөхцөл байдал мөн соёл урлаг хэцүү байдалд орсон талаар 5-6 удаа орж уулзсан. Гэвч яам бидэнд ямар ч шийдтэй хариу өгөөгүй. Бид хамгийн сүүлд төрийн нарийн Энх-Амгалантай уулзсан. Тухайн үед танай байгууллагад аудитын шалгалт оруулаад дөрөвдүгээр сарын 15-ны дотор өөрсдийн биеэр очиж хариулт өгнө гэсэн мөн л хариулт өгөөгүй. Иймд бидний зүгээс нэг өдрийн сануулах ажил хаялтыг хийж байна.
Засгийн газрын тэргүүн нь Соёлын яамтай болохдоо өөр зүйл ярьж байлаа. УИХ-ын анхдугаар чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Төрөөс соёл урлагийн талаар баримтлах бодлого эзэнгүйджээ гэдгийг харсан. Соёл урлагийнхны ажлын байраар явж судалсан. Соёлын яам байгуулж энэ чиглэлийн бодлогыг өөд нь татах хэрэгтэй. Соёл урлагаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг мэргэжлийн хүмүүс нь хариуцах шаардлагатай байгаа юм. Дөрвөн жилийн хугацаанд үр дүнд хүрч, Монгол Улсын соёл урлаг хөл дээрээ босно гэж найдаж байна” гэж байлаа.
Манай уран бүтээлчдийн эхний гар дээр авдаг цалин 330 мянган төгрөг. Харин сарын сүүлд 400 мянган төгрөгийг авдаг. Нийгмийн энэ хүнд хэцүү үед маш бага цалинг олон жилийн турш авч байгаа учраас тэсхийн аргагүй болсон уран бүтээлчид тайван жагсаал хийж байгаа юм.
Соёлын яам бидэнтэй огт уулзаж байгаагүй. Одоо л анх удаа уулзах гэж байна. Бидэнтэй хуралдах зарлалыг дотоод сүлжээндээ 4-5 удаа сольж тавьсан.
Олон улсад тайзны арын ажилчид уран бүтээлчдээсээ илүү цалинтай байдаг. Харин манайд уран бүтээлчдээсээ доогуур цалинтай байна.
УДЭТ-ын ҮЭХ-ны дарга МУГЖ Г.Амгаланбаатар
Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сарын 28-нд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээр төрийн үйлчилгээ соёл урлагийн салбарын ажилчдын цалинг огт нэмээгүй. Манай салбарыг төлөөлж байгаа сайд гэж хүн 7000-хан хүний цалинг нэмэгдүүлж чадахгүй байна. Үүнийхээ төлөө хариуцлагаа хүлээж хүлээж огцрох ёстой. Театр чуулгууд ажиллах боловсон хүчингүй болж байна. Эхнээсээ солонгос явсан. 500, 600 мянган төгрөгөөр амьдрах аргагүй шүү дээ. Соёлын яам бид бүхэнд нааштай хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихэд бэлэн байна" гэлээ.
ДБЭТ-ын залуу уран бүтээлчдийн төлөөлөл:
"Бид 700 мянган төгрөгөөр энэ нийгэмд амьдарч чадахгүй зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Би Хөвсгөл аймагт төрж өссөн. 12 настайгаасаа долоон жил балетын мэргэжлийг эзэмшээд шууд ДБЭТ-д ажилд орсон. Урлагт хайртай, сонгодог урлагт нягт холбоотой болсон учраас яаж ч чадахгүй өдөр хоногийг өнгөрөөж байна. Миний хувьд аргаа бараад БНСУ-д хар ажил хийхээр шийдээд визээ мэдүүлээд байж байна. Хэрвээ миний цалин ийм бага хэмжээтэй байгаагүй бол хэзээ ч хар ажил хийнэ гэсэн бодол төрөхгүй байсан. Энэ ардчилсан нийгэмд хөгжиж буй залуу уран бүтээлчдээ дэмжээд өгөөч хэмээн соёлын яамны сайд Ч.Номингоос шаардаж байна.
Монголын Соёлын сайдаас өөр ингэж “далийж” яваа салбар хариуцсан албан тушаалтан дэлхийд байхгүй.
Дуурийн салбарыг дуучдынх нь гаргасан амжилтаар төсөөлбөл өндөр амжилттай яваа. Харин дотоодын мэргэжлийн “шалгалт”-даа муу дүн авсан, байраа "алдсан", ойгоо тэмдэглэж чадаагүй нь удирдлагын буруутай шууд холбоотой. МУГЖ Ц.Төвшинтөгс удирдаад цөөнгүй жил болж буй. Гэвч тэрбээр театраа удирдаж чадахгүй байгаа талаар бүх уран бүтээлчид, ажилчид маань гомдолтой явж байна. Гавьяатууд нь гарын үсгээ зураад өгсөн ч Соёлын яам нь өнөөдрийг хүртэл асуудлыг зохицуулаагүй, дуурийн театрыг муу удирдсан МУГЖ Ц.Төвшинтөгст ч хариуцлага ч тооцож чадаагүй байна" хэмээн байр сууриа илэрхийлж байна.
Ц.Наранцацрал