УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулсан.
УИХ-ын даргын зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхтэй холбоотой өөрчлөлтийг танилцуулж байр суурийг сонсох үүрэг өгсөн. Гэтэл гишүүд "Болдоггүй бор өвгөний үлгэр" шиг Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг сонгогчдод танилцуулж, байр суурийг нь сонсох биш 2024 оны сонгуулиа угтсан бэлтгэл ажлаа хийж яваа нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөх ор бэлэглэж, "тууз хайчилж" байгаа зураг нийгмийн сүлжээнд тархлаа. Б.Баярсайхан гишүүний хувьд анги дотроо үл хөдлөх хөрөнгийнхөө үнэлгээгээр толгой цохидог нэгэн. Түүний хувьд өнгөрсөн онд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ ДӨРВӨН тэрбум 500 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн мэдүүлж байжээ. Ийнхүү хөрөнгөлөг гишүүн аймагтаа хуулийн төсөл сурталчлахаас илүү сонгогчдод таалагдах арга саамаа хайж явна.
Дараагийн шүүмжлэлд өртсөн гишүүн бол Ц.Туваан. Өнгөрсөн онд НЭГ тэрбум төгрөгийн үнэлгээтэй 1900 тоо толгой малтай хэмээн хөрөнгө орлогодоо мэдүүлсэн тэрбээр тойрогтоо ажиллахдаа ҮХЭР тарааж, баярхжээ.
Харин Ц.Даваасүрэн сайд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөө танилцуулахаар очихдоо, эмч нарын багтай тойрогтоо очсон. Тэрбээр тойргийнхоо иргэдэд жигтэйхэн хайр зарлаж, шүд, доторыг нь үзэж, эхо-д харж өгсөн байна. Харин зарим нь гишүүд нь тойрогтоо очиж, загнуулж, хөөгдөхөөс наагуурхан юм болсон гэх. Ийнхүү УИХ-ын даргаас үүрэг авсан гишүүдийн тойрогтоо ажилласан долоо хоног дууслаа. Тэд иргэдээс авсан саналаа нэгдсэн холбогдох байнгын хороонд хүргүүлж, энэ долоо хоногоос эхлэн дараагийн сонгуулиар иргэд хичнээн хүнийг хэрхэн сонгох вэ, гэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ.
П.ГОО
Уншиж байна |