ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ШӨХТГ, Татварын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газраас төлөөлөл багтсан ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад 223 эмийн сан, 109 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 19 эмийн үйлдвэр, 12 аймгийн Нэгдсэн эмнэлэг, 5 БОЭТ-ийг хамруулсан байна.
Үнэлгээнд хамрагдсан 414 нэр төрлийн эмийн 78.5 хувийн үнэ 30 хүртэлх хувиар, 3.2 хувь нь 2-4 дахин нэмэгдсэн байна. Харин долоон нэрийн эмийн үнэ нэмэгдээгүй аж.
Эмийн сангууд эмийн үнийн өсөлтийг нийлүүлэгчийн үнэ өсөлт, тээвэрлэлтийн зардал, эм ханган нийлүүлэх байгууллагынхан үйлдвэрлэгчийн үнийн өсөлт, валютын ханш, эмийн үйлдвэрүүд сав, баглаа боодол, туслах материалын үнэ өсөлтөөс шалтгаалсан гэж тайлбарлажээ.
Мөн эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад стандартын хэрэгжилт хангалтгүй, хадгалалтын горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, хяналт хангалтгүй, эмийн түгээлтэд тээвэрлэлтийн горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, хэмийн хяналт тавьдаггүй, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын 17.5 хувьд стандартад заасан хүний нөөцийн дутагдалтай, эмийн сангийн 46.8 хувьд нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор үйлчилсэн зэрэг зөрчил дутагдал илэрчээ.
Монгол Улсад 2021 онд 636.1 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулагдсан бөгөөд үүнээс 489.7 тэрбум нь импортын эм байна. Энэ нь өмнөх оноос 12 хувиар өссөн үзүүлэлт аж.
Уншиж байна |