Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааны хүрээнд "Допинг ба спортын авлига" сэдэвт хэлэлцүүлэг болов.
Уг хэлэлцүүлэгт АТГ-аас спортын авлигын асуудлаар, "Монголын үндэсний допингийн байгууллагаас шинжилгээний явцын ил тод байдал агуулга", "Олимп ба допинг" зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа. Хэлэлцүүлгийн үеэр бөхчүүд болон холбогдох ТББ-ууд өөрсдийн хийдэг ажлаа тайлагнав. Үүний дараагаар зарим асуудлаар асуулт хариулт явууллаа.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг ил тод бус, асуудалтай, улстөрчдийн захиалгаар ажилладаг гэх хардлага, сэрдлэг наадам бүрээр гардаг ч тэгэс хийгээд мартагддаг. Тэгээд л дараа намар нь дахиад асуудал нь сэргэдэг. Хоёр хүүтэйгээ допингийн эсрэг байгууллагад эзэн суусан гэдэг ардын эмч, доктор профессор Ж.Хатанбаатар болон түүний хэдэн нөхдийг бөхчүүдийг допингийн асуудлаарх мэдээллээр хангахгүй, ил тод байдал маш муу байгаа талаар шүүмжиллээ.
Улсын начин Б.Ганхуяг
Допинг илрээгүй гээд байгаа 64 бөхөө дахин шинжил. Өнгөрсөн наадмаар 64 бөхийн нэг л хүнээс нь допинг илэрсэн гэдэгт итгэхгүй байгаа. Энэ 64 бөхөөсөө дахин авах хэрэгтэй. Допингийн эсрэг төвийнхөн яг яаж шинжилгээ аваад байгаагаа тайлагнах хэрэгтэй.
Миний бие явцын шинжилгээ болон Улсын их баяр наадамд нийтдээ гурван удаагийн шинжилгээ өгч байсан ба өөрийнхөө хариуг өөртөө авах хүсэлт ДЭБ дөрөвдүгээр сарын 17-нд гаргасан боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэл тоймтой албан ёсны хариу надад гаргаж өгөөгүй. ДЭБ-ын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд хэлэхдээ үндэсний бөхийн холбоо хүсэлтээ манай байгууллагад өгвөл МҮБХ-д чинь хариуг нь өгнө хэмээсэн.
Бөхчүүд хүсэлт гаргаад допингийн шинжилгээгээ авъя гэхээр өгдөггүй. Хувь тамирчны ийм хүсэлтийг яагаад хангахгүй байгаа юм. МҮБХ-ноос ав гэдгээ болих хэрэгтэй. Допингийн эсрэг төвийнхөн шинжилгээ яаж авч байгаагаа тайлагна" гэв.
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав
Допингийн шинжилгээний хариу удаж гардаг, шинжилгээ авах үйл явцыг нээлттэй, хяналттай болгох шаардлагатай байгаа болон явц дундын шинжилгээг тогтмол авах нөхцлийг бүрдүүлж, зөвхөн улсын цолтой бөхчүүдээс бус аймаг, сумын цолтой бөхчүүдээс хяналтын шинжилгээг авдаг болох, ихэнх илэрч байгаа сорьцууд аймаг, сумын цолтой бөхчүүдээс л гардаг. МҮБХ допингийн асуудлаар зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцсон. Одоо допингийн асуудалтай гурван бөхийг өршөөхгүй. Өршөөл гэдэг чинь допингийн асуудлаарх үндэсний журам батлагдаагүй учраас Их-Эе хурал дээр олонхын саналаар л шийдсэн асуудал" гэлээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
Допингийн эсрэг болон спорт авилгалын хууль эрхзүйн орчин хангалттай биш байна гэж үзэж байна. Энэ тал дээр бидний зүгээс тодорхой хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа. Мөн АТГ-аас үндэсний авилгын эсрэг стратегийг УИХ-д өргөн барьсан. Энэ стратеги дотор спортын авилгын асуудал дээр хууль эрхзүйн орчныг бий болгож, эм бэлдмэлийн зүй бус хэрэглээг таслан зогсоох, тэрийг үүсгэсэн албан тушаалтан болон дасгалжуулагч, багш тамирчдад ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг тал дээр эрхзүйн орчныг тодорхой болгох ёстой.
Хоёрдугаарт, тэмцээн наадамд даваа өгөх, авах байдлаар авлигын асуудал гардаг. Спортын авлига гэдэг зүйл ноцтой түвшинд очсон байна гэх. Эдгээр асуудал яагаад шүгэл ажиллагаанд хамаарах вэ гэвэл нэгдүгээрт, тамирчдын бие тамирын өрсөлдөөн гэдэг бол спортын асуудал. Дараа нь, энэ процесст оролцож буй тамирчид төдийгүй хянан шийдвэрлэдэг төрийн эрх бүхий байгууллагууд бий. Шинжилгээ авахад татвар төлөгчдийн мөнгө гардаг, нийтийн албан тушаалтнууд оролцдог учраас дээрх асуудал нь “5Ш” ажиллагаанд хамаарна гэж үзсэн.
Харин спортын хэмжээний авлига гэх асуудал төрийн бодлогын хүрээнд ч яригддаг. Олон улсын жишгээр энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Үүнийг гэмт хэрэгт тооцох уу гэдгийг УИХ-д хуулиар баталж, шийдэх ёстой. Авлигатай тэмцэх стратегийг АТГ-аас УИХ-д өргөн барьж буй. Тус бичиг баримтад спортын авлигыг цаашдаа гэмт хэрэгт тооцож байхаар хуульчлах санал гаргасан байна билээ. Энэ бол зөв зүйл. Спортын наадамд өөрийгөө сорих энэ үйл явц нь үнэн зөв шударга байж ирээдүйд шударга нийгмийг төлөвшүүлэх, хүмүүжил олгоход нөлөөлнө.
Хэлэлцүүлгийн дундуур сэтгүүлчдийн төлөөлөл " Допингийн эсрэг байгууллагыг зорьж, тайлбар авах гэсэн боловч "Хариулт өгөх боломжгүй, Завгүй байна" зэрэг хариултуудыг удаа дараа өгдөг байсан.
Жилд 100 сорьц үнэгүй шинжлүүлнэ гэсэн атлаа нэмж баяр наадмын комиссоос санхүүжилт татдаг. Мөн 2020 онд л гэхэд 455 сая төгрөгийг улсын төсөв хуваарилсан байсан. Ер нь л санхүүжилт, үйл ажиллагаандаа зөрчилтэй байгууллага. Үүнийг АТГ анхааралдаа авна уу хэмээн онцлон дурдлаа
Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч О.Одбаяр
"Үндэсний допингийн эсрэг байгууллага нь зохих ёсоор үйл ажиллагаа явуулж чадахгүй бол энэхүү стандартын дагуу тухайн улсыг олимпын наадамд төрийн далбаагаа мандуулах эрхгүй болох хүртэл шийтгэл оноодог. MYOX уг эрсдэлээс сэргийлэхийн тулд шинэ байгууллага байгуулж, уйл ажиллагааг нь итгэмжилж, цаашид дэлхийн болон үндэсний допингийн эсрэг дүрмийн хүрээнд хяналт тавьж хамтран ажиллах байр суурьтай байна.
Допингийн эсрэг дүрмийн 10-р бүлэгт эхний алдаа гаргавал 2-4 жил, давтвал хоёр дахин нэмэгдүүлнэ, гурав дахь удаа бол тухайн спортоор хичээллэх тэмцээн уралдаанд оролцох эрхийг хасна. Энэ бол асар том гэмт хэрэг биш, тухайн спортоос татгалзах хэмжээний асуудал.
Манайхан допингийн асуудлыг нийгмийн сенсац болгохоос илүү олон талаас нь судалж, хувь хүн тамирчны эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой юм” гэв.
Ц.Наранцацрал