БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа авч чадалгүй зодуулж амь насаа алдсан монгол иргэний талаар иргэн Б.Ариунзул мэдээлэл хийлээ.
Б.Ариунзул "Уг хэрэг 2021 оны зургадугаар сарын 29-нд гэртээ бусдын гарт амь насаа алдсан байдалтай олдсон. Энэ хэрэг нь хоёр жилийн хугацаанд одоог хүртэл шийдэгдээгүй байна. Бид бүхий л байгууллага хувь хүнд хандсан боловч Солонгосын талаас энэ хэргийг бид өмгөөлөхгүй гэх татгалзсан хариу өгөөд байдаг.
Солонгос улсад суудаг элчингээсээ улсын өмгөөлөгч гаргаж өгөөд, энэ хэргийг маань үнэн зөвөөр шийдэхэд минь туслаад өгөөч гэж удаа дараа тусламж хүссэн боловч мөн л туслалцаа үзүүлээгүй.
ГХЯ, Элчин сайдын яаманд гомдолтой байна. Манай гэр бүл хоёр жилийн турш өмгөөлөгчөөр туслаад өгөөч гэхээр ямар ч боломжгүй гэдэг. Манай ээж элчин дээр очихоор "Энэ хүн бидний ажлыг хийлгэхгүй байна. Ажил дээр ирж дарамт үүсгээд байна" гээд цагдаа дуудаад өгчихдөг.
Хамгийн сүүлд бид өмгөөлөгчийн туслалцаа үзүүлээч хэмээн хууль зүйн яаманд хандсан. Газрын албаны дарга н.Билгүүн гэж хүн намайг хүлээж авсан. Өмгөөлөгчийн туслалцаа үзүүлнэ гэсэн боловч эргэн холбогдоогүй.
Талийгаач ахыг маань гэрээс нь олох үед хүн харахын эцэсгүй байсан. БНСУ-д бидний зөвшөөрөлгүй задлан шинжлээд, чандарласан байсан. Амь үрэгдсэнийг нь мэдээд цогцсоо хараад таниулаад өгөөч гэхэд боломжгүй гэсэн. Тэгсэн мөртлөө БНСУ-аас манай эгчийг уулзаж таниулаад гарын үсэг зурсан гэх бичиг явуулсан.
Талийгаачийг 20 хоног ялзраад байж байхад маш их хэмжээний Сөжүний шилний зургууд байна. Ганц хүн ийм их хэмжээний архи уухгүй. Манай гэр бүлийн зүгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдаас энэ хэргийг зөв шийдэхэд туслаач ээ гэж хүсэж байна" хэмээв.