“Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 15 давхраас унаж хүнд гэмтсэн талаар хуулийн хүрээнд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийлээ.
Хохирогчийн эгч, " 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд “Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй 16 давхар барилга дээр ажиллаж байсан дүү минь техникийн давхраасаа агааржуулалтын хоолойгоор 10 давхар хүртэлээ унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан. Одоо дүү минь орох оронгүй, эрүүл мэндээрээ ноцтой хохирч, амьдралаа цааш үргэлжүүлэх эсэх нь эргэлзээтэй болсон.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хамаарал бүхий “Energy luxury residence” хотхоны гүйцэтгэгч компаниар ажиллаж байсан “Хатан хишиг үндэс ХХК”-ны удирдлагууд барилгын ажилтныхаа эрүүл мэндийг хөсөр хаяж хүний амийг 7 сая төгрөгөөр үнэлсэн.
Солонгосын дөрвөн том эмнэлэгт хандсан ч одоохондоо хариу ирээгүй байна. Гадагшаа эмчилгээнд явах зардал өндөр. Тархины чиглэлийн хагалгаа өндөр өртөгтэй юм байна лээ. Тархиндаа хүнд гэмтэлтэй байгаа учир дүү минь сайн ярьж чаддаггүй болсон. өндөр өртөгтэй хагалгааг ЭМДС-гаас хөнгөлөөд 5 сая төгрөг болсныг "Хатан хишиг үндэс" компани гаргаж өгсөн. Тэрнээс өөр ямар ч туслалцаа дэмжлэг бидэнд үзүүлээгүй.
Тухайн хэрэг гарсны дараа Хатан хишиг үндэс ХХК-ийн захирал Д.Болор-Эрдэнэ эмчилгээний бүх зардлыг даана гэж хэлж байсан ч хэлсэн үгнээсээ буцаж шүүхдээд аваарай гэж хэлээд сууж байна
"Содон хийц" ХХК, "Хатан хишиг үндэс" компани харилцан гэрээ байгуулсан ба үүндээ хөдөлмөрийн аюулгүй байдлын болон үйлдвэрлэлийн ослын даатгалын талаарх зүйл заалт юу ч тусгаагүй байсан. Энэ талаар асуухад "Бид мартчихсан байна лээ" гэх хариуг өгсөн. Хэрэг хэрхэн шийдэгдэх эсэх нь эргэлзээтэй байна. Миний дүүг өмнө нь ямар байсан тэр хэвээр нь эрүүл болгоод өгөөсэй л гэж хүсэж байна" гэв.
Уншиж байна |