Засгийн газар 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаа. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд Казиногийн тухай хууль, Бооцоот тоглоомын тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хуулийг өргөн барьж, хэлэлцүүлгийг эхлүүлсэн.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын зүгээс эдгээр хуулиудыг өнгөрсөн ондоо багтаан батлуулах төлөвлөгөө боловсруулж байсан ч талаар болов. Өнөөдөр эрх баригч хүчнийхэн дээрх хуулийн төслүүдийг ор тас мартаж, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар завгүй явна. Өнгөрсөн намын чуулганы төгсгөлд Какиногийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон. Хаврын чуулган эхэлснээс хойш хуулийн төслийн хэлэлцүүлэг хийгдсэнгүй.
Төсөлд тусгаснаар казиног Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулж болохоор заасан байв. Казинод Монгол Улсын иргэдийг тоглуулахыг, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахимаар зохион байгуулахыг хуулиар хориглох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг тусгасан байв. Мөн казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс (өнөөгийн ханшаар 1 их наяд төгрөг) доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулна, монгол иргэдийг казинод нэвтэрч тоглуулахгүй байх гэх мэт онцлох заалтууд хуулийн төсөлд бий.
Одоогоор хуулийн төсөл хэлэлцэх эсэхээс цааш яваагүй байна. Төлөвлөгөө ёсоор бол Казиногийн тухай хуулийг батлуулж үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчин, дүрэм, журмыг бий болгож, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой асуудал өдийд яригдаж байхаар байв.
Монгол улсад 1990-ээд оны дундуур Казиногийн тухай хууль батлагдаж, казино байгуулах эрхийн тендер зарлагдсантай зэрэгцэн тухайн үед дуулиан дэгдэж байв. Үүнээс үүдэн Монгол улсын түүхэнд анх удаа УИХ-ын гурван гишүүний эрхийг түдгэлзүүлж, улмаар шүүхээс авлигын хэргээр Мон Макао компанийн захирал Байгаль болон дээрх 3 гишүүн зэрэг хэд хэдэн хүнд ял оноож байв. Ийнхүү тендер хүчингүй болж, уг хууль ч цуцлагджээ. Үүнээс хойш 1998, 2007, 2009, 2015 онуудад УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлан оруулж байсан ч бүгд бүдэрч байсан.
Гэвч олон жилийн дараа буюу өнгөрсөн онд өргөн баригдсан Казиногийн хуулийн төсөл СУРАГГҮЙ боллоо.
П.ГОО
Уншиж байна |