Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хууль зөрчсөн асуудлын талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.
Аймгийн Засаг дарга гэдэг бол тухайн орон нутагтаа төрийн хуулийг ёсчлон биелүүлдэг нэгэн байх ёстой. Гэвч Засаг дарга О.Амгаланбаатар Төрийн албаны тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн байна. Түүнийг хууль зөрчсөн гэдгийг Үндэсний аудитын газрын 2022 оны эрсдэлийн аудитын тайлан, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 393, 2022 оны 181, 188 дугаар тогтоолоор тогтоосон. Иймээс аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид Засаг дарга О.Амгаланбаатарт хариуцлага тооцож, огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Дараах гурван хууль зөрчсөн үйлдэл нь Засаг дарга О.Амгаланбаатарыг огцруулах ҮНДЭСЛЭЛ болж байгаа аж.
Нэгдүгээрт: Үндэсний аудитын газрын 2022 оны эрсдэлийн аудитын тайланд тогтоосноор аймгийн Засаг дарга нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, төсвийг хэмнэлтгүй зарцуулсан байна.
Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 6.4.15, 5 дугаар зүйлийн 5.1.37, 6 дугаар зүйлийн 6.4.18, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2019 онд баталсан “Төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын 1.46 дэх заалтыг тус тус зөрчиж, тэмцээн уралдаан, баяр наадам зохион байгуулах, тавилга, тоног төхөөрөмж авах, 2 зөвлөх ажиллуулж цалин өгөх зэрэг арга хэмжээнд 368 сая төгрөг үр ашиггүй зарцуулсан. Мөн Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тогтоолоор журам, “Төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын 1.46 дэх заалтыг тус тус зөрчиж 2021 онд 296.1 сая, 2022 онд 133.2 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын хууль зөрчиж 2021 онд 755 сая төгрөгийн шууд худалдан авалт хийсэн байна.
Засаг дарга О.Амгаланбаатарын Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж нийт 1.5 тэрбум төгрөгийн татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулсан үйлдэл ньТөрийн хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан “Төсвийн захирагч, ... болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно” гэсэн заалтын дагуу хариуцлага тооцож огцруулах үндэслэл болж байна.
Хоёрдугаарт, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 393 дугаар тогтоолоор тус аймгийн хэмжээнд төрийн албаны хууль тогтоомж зөрчиж томилсон 115 хүнийг тогтоосон бөгөөд уг тогтоолын биелэлтийг 2022 оны 01 сарын 31-ний дотор хэрэгжүүлж тайлагнахыг даалгасан боловч аймгийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Болдбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Амгаланбаатар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Алтанзагас, Санхүү, дотоод аудитын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Намсрай зэрэг нэр бүхий албан тушаалтанууд өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэсээр байна.
Аймгийн Засаг даргын Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 76 дугаар зүйлийн 76.4-д заасан “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэсэн заалтын дагуу хариуцлага тооцож огцоруулах үндэслэл болж байна.
Гуравдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйл, 29-р зүйлийн 29.1, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын баталсан журмыг зөрчиж, орон нутгийн өмчийг үнэгүйдүүлж, хувьчлал нэрийн дор хувааж авсан байна. Тухайлбал, 3-75 сая төгрөгийн үлдэх өртөгтэй, аймаг, сумын төвийн “А” бүсэд байрлалтай, өрхийн эмнэлэг, багийн төв, соёлын төв зэрэг 12 барилгыг үнийн судалгаа хийхгүйгээр актлах нэрээр танил талдаа давуу эрхээр худалдсан. Аймгийн Засаг даргаас өргөн мэдүүлж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор шийдвэрлэсэн 33 тээврийн хэрэгсэлийг худалдан борлуулахдаазарим авто машины үлдэх өртөг, зах зээлийн үнийг харгалзаагүй, үндэслэлгүйгээр хэт бага үнэ тогтоон эзэмшигчдэд нь гэдэг байдлаар танил талдаа давуу эрхээр худалдан борлуулсан.
Тухайлбал:
25.7 сая төгрөгийн засвар хийсэн 2013 оны Ланд 200 маркийн авто машиныг 1 сая төгрөгөөр,
8.7 сая төгрөгийн үлдэх өртөгтэй, 2014 онд авсанЛанд 80 маркийн авто машиныг 500 мянган төгрөгөөр,
15.7 сая төгрөгийн үлдэх өртөгтэй, 2018 оныУА3-31519 маркийн Хаантер авто машиныг 500 мянган төгрөгөөр,
8.6 сая төгрөгийн үлдэх өртөгтэй, 2020 онд орж ирсэн соната-7 маркийн авто машиныг 1.5 сая төгрөгөөртус тус зарсан байна.