Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын "Шилэн" ажиллагааны талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр /2023.05.08/ хийлээ.
Өнөөдөр ХНХЯ-ны хоёр тусгай сан, Улсын автозамын сан, Соёл урлагийг дэмжих сангийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулжээ.
Нийгмийн халамжийн сан нь 2008 оноос хойш 7.5 их наяд төгрөгийг давхардсан тоогоор 21.6 сая иргэнд халамжийн 14 төрлөөр зарцуулсан байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар 515.6 тэрбум төгрөгийг 1.3 сая иргэнд олгосон байна. Халамжийн сангийн зарцуулалтын 14 төрлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж, ахмад настанд үзүүлсэн тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд үзүүлдэг 967 хуулийн этгээдийн санхүүжилтийг ил болголоо.
Хүүхдийн төлөө сан 2021-2023 оны хооронд 11 тэрбум төгрөгийг
1.Хандив тусламж
2.Тээврийн хэрэгслийн улсын дугаар борлуулсны орлого
3. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын тоглолтын орлого
4.Бусад гэсэн дөрвөн төрлөөр хуримтлуулжээ.
Үүнээс 106.7 сая төгрөгийг нийт 45 хүүхдэд хоёр төрлөөр зарцуулсан байна. Тус сангийн орлогын дийлэнх хувийг тээврийн хэрэгслийн дугаарын дуудлага худалдаанаас төвлөрүүлсэн байна.
2021 онд Улаанбаатарын 1998 сери, орон нутгийн 43 серийг борлуулж, 3.4 тэрбум төгрөг
2022 онд Улаанбаатар 2142, орон нутгийн 73 серийг борлуулж, 4.3 тэрбум төгрөг
2023 оны байдлаар Улаанбаатарын 985 сери, орон нутгийн 138 серийг борлуулсан 1.1 тэрбум төгрөг, нийт 9 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна.
Гэвч Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан мөнгийг хүүхдэд зарцуулах байдал тун хангалтгүй байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлж байна.
Зам тээврийн хөгжлийн яаманд харьяалагддаг Улсын автозамын сан 2008 оноос хойш 231.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын автозамын сангаас 2008 оноос хойш нийт 106 хуулийн этгээд 522 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр санхүүжилт авсан байна.
Соёлын яаманд харьяалагддаг Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилт 2021 оноос эхэлж, жил бүр 1.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс оруулжээ. Энэ сангийн санхүүжилт эргэн төлөгддөггүй аж.
2021 онд 1.6 тэрбум төгрөг
2022 онд 1.2 тэрбум төгрөг нийт 2.8 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулаад байна. Соёл урлагийг дэмжих сангаас 58 хуулийн этгээд, 15 иргэн санхүүжилт авсан байна.
Б.Хэрлэн